Яармагийн замыг хэсэгчлэн хаана

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд шинээр авто зам барих ажил эхэлж буйтай холбогдуулан зарим авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлахаар болжээ. Тодруулбал, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэлх хэсэгт хоёр эгнээ шинэ авто зам барих юм. Түүнчлэн, замын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 25-ныг хүртэл тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, зохицуулалт хийх аж.
Үүнээс гадна Агарта болон Марал аялал хотхоны дундуур уг зам тавигдах бөгөөд төслийн хүрээнд хоёр талдаа явган хүний зам, гэрэлтүүлгийг мөн шинээр хийхээр төлөвлөсөн байна.
Мөн нүхэн гарцын барилгын ажилтай холбоотойгоор Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ-4 рүү чиглэх авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 11-нийг хүртэл хэсэгчлэн хааж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ. Иймд, иргэд, жолооч нарыг түр хугацаанд замын хөдөлгөөний зохицуулалтыг анхаарч, боломжтой тохиолдолд өөр чиглэл сонгон зорчихыг зөвлөж байна.
