Осол гаргаж, хэргийн газраас зугтаасан гэх Говь-Алтайн ИТХ-ын дарга Л.Насанбуяны өөрийн болон гэр бүлийн орлого ₮94-120 сая болж НЭМЭГДЖЭЭ

Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян төрийн машинтай явж байгаад осол гаргаж, машинаасаа цацагдсан мөнгийг түүж аваад хэргийн газрыг орхисон гэх мэдээлэл цацагдаад буй.
Тодруулбал, Л.Насанбуян их хэмжээний мөнгө автомашиндаа тээвэрлэж явсан бөгөөд осол гарсны дараа машинаасаа бууж төрийн "0002 ГАА" улсын дугаараа салгаж авч, их хэмжээний мөнгөө цүнхэндээ хийж, газарт унасан мөнгийг хүртэл түүгээд хэргийн газраас явсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг осолд цагаан өнгийн 8641 улсын дугаартай Toyota Kluger автомашин өртөж, гэр бүлээрээ зорчиж явсан иргэд осолд орсон аж.
Тэгвэл осол гаргаж, хэргийн газрыг орхиж явсан гэх Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуяны 2026 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр сүүлийн 2 жилийн хугацаанд өөрийн орлого нь 44 сая төгрөгөөс 94 сая болж, гэр бүлийн орлого нь 54 саяас 120 сая болж 3 дахин нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮94 сая
Гэр бүлийн орлого: ₮120 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮257 сая /Орон сууц-1, Авто зогсоол-1/
Тээврийн хэрэгсэл: ₮100 сая / Суудлын жижиг машин Lexus LX 450 /
Мал аж ахуй: ₮70 сая /Үхэр-5, Ямаа-150, Тэмээ-2, Хонь-50, Адуу-6/
Газар: ₮25 сая /Өмчлөх-571.2м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮65 сая
Хадгаламж: ₮3,8 сая
Авлага: ₮50 сая
Зээл: ₮198 сая гэж мэдүүлжээ.
Эргэн сануулахад, өнмө нь Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян нь Цогт сумын засаг даргаар ажиллаж байхдаа үлийн цагаан оготно устгах төсвийн хөрөнгийг бусадтай үгсэн хуйвалдаж зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр яллагчаар татагдан шүүгдэгдэж 3 жилийн ял авсаж аж.

