С.Амарсайхан: Эрчүүд нь арчаагүй, эмэгтэйчүүд нь ёс суртахуунгүй мэт нийтээр нь харлуулдаг гадаад, дотоодын бүлэглэлүүдтэй тэмцэнэ

Засгийн газрын хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл хийв.
Тэрбээр “Ашиг хонжоо хайсан гадаад, дотоодын этгээдүүд зохион байгуулалтайгаар худал мэдээлэл түгээж иргэдийг талцуулж, үндэсний эв нэгдлийг сарниулж, бусниулж, улс орны тогтовортой байдлыг ганхуулж байна. Тиймээс тэдгээр этгээдийг илрүүлэн ажиллаж байгааг сануулъя.
Эрчүүд нь анхиа, арчаагүй, эмэгтэйчүүд нь ёс суртахуунгүй, бизнес эрхлэгч бүгд луйварчид улстөрчид хулгайчид, хүүхэд залуус нь яахаа алдсан мэт нийтээр нь харлуулсан гадаад, дотоодын бүлэглэлүүд төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Тагнуул, хууль сахиулах байгууллагууд хаанаас, ямар шугамаар төлбөр авч гүтгэл явуулж буй шалтгаан, нөхцөлийг тогтоохоор шалгаж байгаа. Тролл хаягуудтай тэмцэх ажил эрчимжсэн.
Хүүхэд багачуудыг фэйсбүүк, группт татан оролцуулах замаар хандалт олж авч эрхэнд нь ноцтой халдаж, үүнийг дагасан гэмт хэргүүд хил хзягааргүй гарч байна.
Бүх шатны сургуулиудад, сургалтын байгууллагад фэйсбүүкээр ангийн групп чат нээсэн, үүгээр даалгавраа өгдөг болсон. Энэ асуудлыг таслан зогсоож хаана. Фэйсбүүкийг хичээлд ашигладаг биш, сургалтын тусгай сүлжээгээр боловсролын үйл ажиллагааг явуулдаг болно. Үгүй бол фэйсбүүкээр групп нээдэг, даалгавраа хийх нэрээр бүгд фэйсбүүк ордог, ингээд залилан, гэмт хэргийн хохирогч болж байна” гэлээ.

