Ж.Болд: Мэргэжлийн өндөр чадавхтай цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг хөгжүүлэх эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлэх болно Ж.Болд: Мэргэжлийн өндөр чадавхтай цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг хөгжүүлэх эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлэх болно
07 сарын 17, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ж.Болд: Мэргэжлийн өндөр чадавхтай цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг хөгжүүлэх эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлэх болно

2026 оны 7 сарын 17

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэргийн 104, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100, Цагдаагийн Ахмадын байгууллагын 60 жил “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан баярын хурал болж байна.

Арга хэмжээ нээж, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Хошууч генерал Ж.Болд үг хэллээ.

Тэрбээр "Эрхэм хүндэт Хууль зүй, дотоод хэргийн сайд аа!  Хүндэт зочид, төлөөлөгч, хатагтай, ноёд оо! 

Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагад нэгэн бүл болж, төр, ард түмэн, байгууллагынхаа төлөө өөрийн мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн эрхэм удирдлага, ахмад буурлууд аа!

Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтнууд аа!       

Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 105, Дотоодын цэргийн байгууллагын 104 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Мөн энэ онд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100, Автобаазын 100, Ховд аймгийн цагдаагийн газрын 100, Тээврийн цагдаагийн албаны 90, Мөрдөн шалгах албаны 80, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны 60, Орхон аймгийн цагдаагийн газрын 50, Хар тамхитай тэмцэх албаны 25 жил зэрэг олон түүхэн тэгш ойнууд тохиож байгааг дуулгахад таатай байна. 

Одоогоос 115 жилийн өмнө Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо сэргээсний дараа Богд хааны зарлигаар Хүрээний арван тавны цагдааг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яаманд захируулж, чиг үүргийг нь тогтоосон бөгөөд 1917 онд  Богд хааны зарлигаар “Нийслэл Хүрээний тойрон газруудыг цагдан сэргийлүүлэх дүрэм хэмжээ”-г баталж, “Цагдан сэргийлэх албаны газар”-ыг байгуулж байжээ.

Улмаар Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Ардын Засгийн газрын 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар цагдаагийн асуудлыг хэлэлцээд Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулан, “Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болж, хөгжлийнхөө нэгэн шинэ үеийг эхлүүлсэн юм.

Монгол Улсын анхдугаар Их Хурлаас 1924 онд “Цагдан сэргийлэх хэлтэс”-ийг Дотоод яамны харьяанд шилжүүлэн “Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар”-ыг байгуулсан бөгөөд 1934 оноос Цагдан сэргийлэх байгууллагад тусгайлсан чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэжлийн албад, аймаг, хотод цагдан сэргийлэх анги бий болон өргөжиж, Монгол Улсын тусгаар тогтнол, ардын хувьсгалын ололтыг бататгах, дайны болон бүтээн байгуулалтын жилүүдэд улс орны аюулгүй байдлыг хангах, улс, олон нийтийн өмч хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалахад тус тус чиглэгдэж байв.

Цагдаагийн байгууллага энэхүү түүхэн хөгжлийнхөө хугацаанд гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах үндсэн үүргийнхээ зэрэгцээ нийгмийн олон талт үүрэг гүйцэтгэж байжээ. 

Тухайлбал, нийслэлийн дэг журам, гадаадын иргэдийн бүртгэл болон хяналт, гал түймэртэй тэмцэх, улсын хэмжээний авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, ашиглалт болон жолооч нарыг сурган бэлтгэх, насанд хүрсэн иргэдийг паспортжуулах, иргэний бүртгэл мэдээлэл, тусгай объектын хамгаалалт, төрийн тусгай хамгаалалт, нийтийг хамарсан гамшиг болон халдварт өвчний үед зарлан мэдээлэх, хорио цээр тогтоох, анхны тусламж үзүүлэх зэргийг дурьдаж болох юм. 

Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын тулгын чулууг тавилцаж, эх орон, төр, ард иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хөгжлийн их түүхийг бүтээлцсэн үе үеийн удирдлага, ахмад ажилтан, алба хаагч нартаа талархал илэрхийлье.

Монгол Улсын Их Хурлаас 1992 онд эрх зүйт төртэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг хөгжлийнхөө замнал болгон Үндсэн хуулиндаа тодорхойлон баталж, 1993 онд Цагдаагийн байгууллагын тухай хуулийг баталсан нь үйл ажиллагаагаа хуулийг дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмаар явуулах эрх зүйн үндэс бүрдэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий бие даасан байгууллага болж хөгжсөн билээ. 

Улмаар 2013, 2017 онуудад Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, цагдаагийн байгууллагын чиг үүрэг, тогтолцоог боловсронгуй болгох, алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн баталгааг хангах, байгууллагын соёл, үнэт зүйл, түүхэн уламжлалыг авч үлдэх, сэргээх, цагдаагийн байгууллага иргэдэд ойртсон үйл ажиллагааг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн үзэл баримтлалыг тусган, мөрдүүлсэн нь үйл ажиллагааны чиглэлд нилээдгүй өөрчлөлт, шилжилтийн үйл явц болсон юм.

Улс орны эрүү, хэв журмын нөхцөл байдал ээдрээ төвөгтэй, зарим тохиолдолд хүндрэлтэй, сургамжтай хүндхэн сорилтууд тулгарч байсан хэдий ч цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрөө түвшин, түмэн олноо амар амгалан байлгахын төлөө зүтгэл гарган ажиллаж ирсэн.

Өнөөдөр Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллага Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бие даасан 939 хуулиас 123 хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой Улсын Их Хурал, Засгийн газар, Салбарын сайдын дангаар болон хамтран баталсан 215 тогтоол, шийдвэр, эрх зүйн актыг хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлдэг, 12 мянган алба хаагчтай, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн тусгай алба болон хөгжжээ.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хууль эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, үйл ажиллагааг хөгжүүлэхэд бүх талаар дэмжин ажилладаг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад яамд, шүүх, прокурор, төрийн болон орон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлага, хамт олон, ард иргэд Та бүхэндээ нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм нөхөд өө!

Өнөөдөр дэлхий дахинд аюулгүй байдлын цар хүрээ эрчимтэй өөрчлөгдөж, зэвсэгт мөргөлдөөн, гамшгийн эрсдэл, аюул занал өсөн нэмэгдэж, мэдээллийн систем, дижитал шилжилт, техник технологийн хувьсал асар хурдацтай хөгжихийн зэрэгцээ үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, кибер орон зай дахь халдлага, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, гэмт хэрэг, зөрчлийн шинж байдал, арга хэлбэр улам бүр нарийсаж, шинэ шинэ сорилтууд хууль сахиулах байгууллагуудын өмнө тавигдсаар байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлж, алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюун, дижитал шилжилтийг эрчимжүүлж, тоон өгөгдөл, сансрын болон орон зайн мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ашиглахыг чухалчилж байна.

Тухайлбал, Цагдаа, дотоодын цэргийн 78 анги, байгууллага, Монгол Улсын 330 сумын хэсгийн төлөөлөгчийн ажлын байрыг цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбож, өгөгдөл хадгалах төхөөрөмж, физик сервер, виртуал сервер зэрэг нийт 120 техник технологи, программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж, Эрүүгийн хянан шийдвэрлэх болон Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах хүрээнд "Цахим шүүх" цөм системийг нэвтрүүлж, мөрдөгч, хэрэг бүртгэгч нар төрийн мэдээллийн сангаас 90 төрлийн лавлагаа, мэдээллийг цахимаар авч, нотлох баримтын хэмжээнд ашиглах боломжийг бүрдүүлсэн.

Иргэн, хуулийн этгээдэд цагдаагийн байгууллагаас үзүүлэх 13 төрлийн “лавлагаа”, “тодорхойлолт”, 25 төрлийн багц үйлчилгээг “E-Mongolia” нэгдсэн системд холбож, “E-Business.mn” системээр 15 төрлийн хоёр шатлалт үйлчилгээ, нийт 53 төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа нь бодит шинэчлэл боллоо. 

Өгөгдөлд суурилсан удирдлага, хиймэл оюуны хэрэглээг бодит ажил болгох зорилгоор байгууллагын нэгдсэн өгөгдлийн дэд бүтцийг бүрдүүлж, тоон өгөгдлийн сан байгуулан, хиймэл оюуны туслах, ArcGIS орон зайн мэдээллийн шийдлийг үйл ажиллагаандаа үе шаттай нэвтрүүлсэн. Энэ нь гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхээс гадна нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг шинэ шатанд гаргах чухал алхам болж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Ногоон бүс” төслийг санаачлан хэрэгжүүлж, улсын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд 100 мянган камерыг байршуулсан бөгөөд үүнээс 8 аймаг, 9 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12 мянган телехяналтын камер, ухаалаг программ хангамжийг нэвтрүүлж, нийслэлд 100 хувь, орон нутагт 70.0 гаруй хувьтай хэрэгжиж, ард иргэдийнхээ аюулгүй, амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд тодорхой үр дүнгээ өгсөөр байна. 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол, Олон улсын цагдаагийн холбоо болон гадаад орнуудын ижил чиг үүргийн 10, түүний төрөлжсөн байгууллагууд 6, гадаад улсаас Монгол Улсад суугаа 20 гаруй орны Элчин сайдын яамдтай холбоо тогтоон, хамтран ажиллаж байна.

Дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын гишүүн орны хувьд Монгол Улсын Их Хурлаас 2024 онд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталснаар цагдаагийн байгууллага нь анх удаа НҮБ-аас олгогдсон мандатын хүрээнд энхийг сахиулах ажиллагаанд бие даан оролцох эрх зүйн орчин бүрдсэн юм.

Arslan.mnХуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цагдаагийн албаны дарга, Олон улсын шинжээч нарыг урьж ажиллуулах, Энхийг сахиулах чадавх, бэлэн байдлын системд Монгол Улсын цагдаагийн багийг бүртгүүлэх, холбогдох дүрэм, журмыг батлах, ажиллагаанд оролцох хүсэлт гаргасан 192 алба хаагчийг сургаж бэлтгэх, сонгох, шаардлагатай тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг үе шаттай зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна.

Бид цаашид бүс нутаг, улс орны хөгжил, дэд бүтэц, хүн амын төвлөрөл, гэмт хэрэг, зөрчлийн гаралт зэрэг олон талт хүчин зүйлээс шалтгаалан цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг нормативд нийцүүлэх замаар алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг бэхжүүлж, үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэн, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар ажиллаж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн гавьяаг төр засгаас өндөрөөр үнэлж, 1966 онд Цагдан сэргийлэх байгууллагын 45 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд шагнал “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор, 2016 онд “Сүхбаатарын одон”-гоор, 2012 онд Дотоодын цэргийн 90 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэргийн байгууллагыг “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор, 2022 онд 100 жилийн ойг тохиолдуулан “Сүхбаатарын одон”-гоор тус тус шагнажээ.

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 105, Дотоодын цэргийн байгууллагын 104 жилийн ойн баярыг тохиолдуулан хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ажил, мэргэжилдээ идэвх зүтгэл, үр бүтээл гарган, хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдын хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагналаар 440, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар салбарын болон бусад яам, агентлагийн шагналаар 637, байгууллагын шагналаар 422, нийт 1499 алба хаагч, ахмад, энгийн ажилтныг шагнаж, цагдаагийн 971, дотоодын цэргийн 62, нийт 1033 алба хаагчид цол олголоо.

Энэхүү түүхэн ойн баяраар цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн дээд офицерын “Бригадын генерал” цолтон хосоороо төрөн гарсний зэрэгцээ төрийн дээд одон, медаль, салбарын шагналыг олон алба хаагчид хүртэн бахархал төрүүлж байгаа нь төр засгаас байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаа, хичээл зүтгэлийг сайшаан дэмжихийн зэрэгцээ цаашид улам их хичээнгүйлэн ажиллаж, амжилт гаргахад урам зориг, итгэл найдвар хайрлаж байгаагийн тод илэрхийлэл юм.

Эрхэм нөхөд өө!

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өнгөрсөн зууны ололт амжилтаараа бахархахын зэрэгцээ ирэх он жилүүдэд хууль дээдлэх ёс, хүний эрхийг эрхэмлэсэн, иргэдийн итгэлийг хүлээсэн, шинжлэх ухаан, инновац, дэвшилтэт технологид суурилсан, мэргэжлийн өндөр чадавхтай цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг хөгжүүлэх эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлэх болно.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрдөө зүтгэх чин эрмэлзэл, ард түмнийхээ аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүргээ эрхэмлэн, Монгол төрийн хууль ёс, шударга ёс, үндэсний аюулгүй байдлаа хангахын төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сүр хүч, сүлд хийморь, төрт ёсны үнэт уламжлал үеийн үед мандан бадрах болтугай.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669883
0 эможи

keyboard_arrow_up