18 дахь жилдээ төрийн наадмыг эхлүүлэх ДОМОГТ БОР ХҮЛЭГ

Төрийн их наадмын нээлтийн билет 6-хан минутад шаагилдаад дууссан дуулдлаа. Наадмын нээлтийн сэтгэл огшоож, монгол гэдэг ондоошлоо мэдэрч, ёстой нөгөө цээжин дотор “гал” дүрэлзүүлдэг хэсэг бол төрийн торгон цэргүүд Есөн хөлт цагаан тугаа цэнгэлдэхэд залах ёслол юм.
Наадам бүр дөхөхөөр нээлтийн ёслолд ямар хүлэг морьд оролцох бол гэдэг өөрөө сонирхолтой сэдэв л дээ. Сураг ажиг тавилаа, өнөөх домогт загал бор морь төрийн хонжинтойгоо хамт Есөн хөлт цагаан тугаа төв цэнгэлдэхэд залснаар "нээгдэх" нь ээ. Энэ жилийнх домогт бор морины 18 дахь наадам. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчны хотоос сонгогдсон цагаасаа эхлэн тэрээр төрийн их ёслолын ажлыг ганц ч алдалгүй, гайхалтай гүйцэтгэсээр иржээ. Цэнгэлдэх дүүрэн хүмүүсийн алга ташилт, үлээвэр хөгжмийн чанга дуу, хурц гэрэлд яг л мэргэжлийн цэрэг шиг маш тайван, жагсаалч байж чаддаг гайхалтай ухаантай адуу юм.
Энэ жил 23 нас хүрч, бага зэрэг давжаарсан ч төрийн тугаа залах ажилдаа хэзээ ч түүртдэггүй, зүрх зориг нь огт хариагүй. Түүнийг анх Төв цэнгэлдэхэд туг залж явахад өлгийтэй байсан хөвгүүд өнөөдөр эрийн цээнд хүрч, цэргийн албанд татагдан ирчихсэн гялалзаж явна.
Энэ бол Монгол Улсын Зэвсэгт хүчин, Монгол наадам, Монголын түүхэнд яахын аргагүй домог, төрийн хүлэг. Дархан аваргуудыг наадам наадмын зүлэг ногоон дэвжээнд манлайлсан цаг хугацааг монголчууд ярьдаг даа. Түүн шиг төрийн наадам болоод бусад тэмдэглэлт баяраар Есөн хөлт цагаан тугаа залах, цэнгүүлэх ёслолыг загалгүйгээр төсөөлөх аргагүй. Энэхүү домогт бор хүлгийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малчин, аймгийн алдарт уяач Дугарын Дамдинпүрэв гардан маллаж байна.
