ИНЕГ-ын дарга Э.Төрбаярт холбогдох авлигын хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас ИНЕГ-ын дарга Э.Төрбаярт холбогдох авлигын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Тодруулбал, Э.Төрбаяр ИНЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Н.О-ын хүүг ажилд томилуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдын дансаар дамжуулан 2 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт ийнхүү яллах дүгнэлт үйлджээ.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, Н.О нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Э.Төрбаяр нь 2025.01.28-аас эхлэн ИНЕГ-ын даргаар томилогдон ажиллаж буй.
Тэгвэл авлигын хэрэгт шалгагдаж буй ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮108 сая
Гэр бүлийн орлого: ₮166 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮316 сая /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮40 сая /Lexus, HS 200, Toyota, Land Cruiser 100 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮30 сая /Хурдан удмын адуу-10/
Газар: ₮42 сая /Өмчлөх-0.5га-2, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮90 сая
Хадгаламж: ₮82 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮38 сая гэж мэдүүлжээ.









