Монгол Улсын 1396 иргэн БНСУ-д гэмт хэрэг, зөрчилд холбогджээ Монгол Улсын 1396 иргэн БНСУ-д гэмт хэрэг, зөрчилд холбогджээ
06 сарын 22, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монгол Улсын 1396 иргэн БНСУ-д гэмт хэрэг, зөрчилд холбогджээ

2026 оны 6 сарын 22

Arslan.mn

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргажээ. Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд тухайн орныхоо хууль, дүрмийг чандлан сахих, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү сэрэмжлүүлж байгаа аж.

Тэр дундаа БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэд аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдсоор байна.

Тухайлбал, 2025 оны байдлаар Монгол Улсын 1396 иргэн БНСУ-д гэмт хэрэг, зөрчилд холбогдсон бөгөөд нийт гэмт хэргийн 70 орчим хувийг дөрвөн төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа аж.

Үүнд, 30 хувийг танхайрах, бусдын биед гэмтэл учруулах, 24.7 хувь нь зам тээврийн осол, жолоочийн эрхийн үнэмлэхгүй автомашин жолоодох, жолооны үнэмлэхний ангилал зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой гэмт хэрэг эзэлж байгаа бол 12.3 хувь нь хулгай, 7.6 хувь нь залилан, 2.6 хувь нь хүчин, 0.4 хувь нь хар тамхитай холбоотой гэмт хэрэгт байгаа аж. Үүнээс шалтгаалан олон залуус хүний газар хорих ял эдэлж байгаа учраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Тухайн сэрэмжлүүлэг мэдээлэлд дурдсанаар хилийн чанадад танхайрах, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнх нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ асуудал үүсгэдэг байна. Тиймээс бусадтай маргалдах, бусдын биед халдах, гэмтэл учруулах зэргээр суугаа орныхоо Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагаас гадна орон сууц, олон нийтийн газар маргаан үүсгэж чанга дуу чимээ гаргах, нийтийн өмчид халдах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахтай холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгдэж байгааг анхаарууллаа. Тиймээс суугаа орныхоо хууль, дүрмийг чандлан сахиж, олон нийтийн газар биеэ зөв, боловсон авч явах, танихгүй хүний биед хүрэхгүй байх. Ялангуяа эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй хүрэх, зан заншилтай холбоотой “хөл дээр гишгээд гар барих”, “зөрөхдөө бусдын биед хүрч анхааруулах” зэргээр бусдын биед хүрэх үйлдэл нь зарим улс оронд гэмт хэргийн шинжтэй үйлдэл болдгийг ч сануулж байна.

Түүнчлэн БНСУ-д суугаа монгол иргэд хулгайн хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байгаа аж. Монголчуудын ярьж заншсанаар гадаадад, тэр дундаа Солонгос улсад “Цэцэг түүх” үзэгдэл иргэдийн дунд их байдаг бөгөөд энэ үедээ бусдын эд хөрөнгийг хаягдал эд хогшил мэтээр андууран авч явснаас үүдэлтэйгээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох явдал цөөнгүй байгаа тул аливаа эд зүйл, бусдын хөрөнгийг авахдаа эзнээс нь асуух, зөвшөөрөл авах ёстой төдийгүй гадаад улс оронд камерын хяналт өндөр хөгжсөн байдаг тул энэ төрлийн гэмт хэрэг хийх сэдэлд автахгүй байхыг сануулж байна. Түүнчлэн залилангийн гэмт хэрэг ч өсөх хандлагатай байгаа бөгөөд бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлэх, оршин суух виз гаргах, ажилд жуулчлах нэрийдлээр залилангийн гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй байгаа тул эдгээр гэмт хэрэгт өртөхгүй, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн хар тамхины хэрэгт холбогдох, хууль бус виз, оршин зуух зуучлал нэрээр хийж буй залиланд өртөхгүй байхыг санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669526
0 эможи

keyboard_arrow_up