“Соёлын наадам” арга хэмжээг “Дэлхийн адууны өдөр”-ийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэхээр тунхагласан. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах, олон улсын морьт соёлын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, адууны өв соёл, морин спорт, морин заслын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд уялдуулсан нэгдсэн платформ бүрдүүлэх юм.
Энэ хүрээнд “Дэлхийн адууны өдөр” цогц арга хэмжээг Манай улс 2026 оны 7 дугаар сарын 11-13 ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар холбогдох бүх шатны байгууллагууд бэлтгэл ажилдаа ороод байна.
Соёл урлагийн газраас уг арга хэмжээний хүрээнд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёлын наадам”-ын хөтөлбөр, үйл ажиллагааг “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулах асуудлаар 06 дугаар сарын 16-ны уулзалт зохион байгуулж санал солилцлоо.

Тус арга хэмжээ нь 2026 оны 07 дугаар сарын 11–13-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах бөгөөд нүүдэлчдийн өв соёл, ардын урлагийг сурталчлан таниулах, наадмын соёлын үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх, Монголын адууны өв соёлыг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдэх юм.

