Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа өнөөдөр 102 нас хүрлээ

Монголын XX зууны манлай сайхан эмэгтэй, нэрт жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа өнөөдөр 102 нас хүрлээ
Тэрээр 1924 оны зургаадугаар сарын 15-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн бөгөөд Монголын урлаг, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм уран бүтээлч билээ. Л.Цогзолмаа нь тайз, дэлгэцийн олон бүтээлээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж, авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ XX зууны манлай сайхан эмэгтэйчүүдийн нэгээр нэрлэгдсэн юм.
Одоогоос 76 жилийн тэртээ нээлтээ хийсэн "Цогт тайж" киноны уран бүтээлчдээс ганцаараа сэрүүн тунгалаг байгаа юм.
Тэрбээр 1940 онд Урлагийн сургуулийн жүжигчний ангид орж 1942 онд төгссөн байна. Ингээд улсын циркт жаз хөгжимчин, төв театрт дуучин, жүжигчнээр ажиллаж байв. Мөн 1957-1961 онд МУИС анх удаа мэргэжлийн найруулагчийн анги нээхэд элсэж төгсжээ. Тэрээр
- 1945 онд "Цогт тайж" түвдийн гүнж Дулмаа
- 1956 онд "Манай аялгуу" дуучин
- 1979 онд "Бушхүүгийн үлгэр" Наран ээж зэрэг дүрүүдийг кино урлагт мөнхөлсөн.
Түүнд 1945 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин, 1951 онд БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал, 2001 онд МУ-ын Ардын жүжигчин, 2007 онд МУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгосон юм. Харин түүний охин Намсрайн Сувд энэ жил 78 нас хүрч буй.
