“Хусдаг сугалаа”-ны азтан шалгаруулна” хэмээн 5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шалгаж байна

Чингэлтэй дүүргийн прокурорын газар 2025 оны 5 дугаар сард 1545 залилах гэмт хэрэгт хяналт тавьж байсан бол 2026 оны мөн үеийн байдлаар 1562 хэрэгт хяналт тавьснаас дийлэнх нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.
Залилах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, хэргийн тоо буурахгүй байгаагийн зэрэгцээ цахим залилангийн хохирогч болсон иргэдийн тоо өсөх хандлагатай байна.

Сүүлийн үед байгууллагын нэр, логог ашиглан худалдаа хийх, азтан шалгаруулах зэргээр иргэдийг төөрөгдүүлж, эд хөрөнгийн хохирол учруулсан хэргүүд бүртгэгдэж байна.
Тухайлбал, тус дүүргийн прокурорын газрын хяналтад “гадаад улсын иргэдтэй хамтран цахим орчинд “Хусдаг сугалаа”-ны азтан шалгаруулна” хэмээн 1700 орчим иргэдийг залилж, 5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг шалгагдаж байгаа бөгөөд одоогоор 23 хүн яллагдагчаар татагдан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, мэдээллийн эх сурвалжийн үнэн зөв байдлыг нягтлан шалгаж, баталгаатай байгууллага, албан ёсны сувгаар дамжуулан худалдан авалт, төлбөр тооцоо хийхийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас анхааруулж байна.


