Австрали дахь ЭСЯ: “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино“ хэмээдгийг санан сахилга баттай байхыг УРИАЛЖ байна

Австралийн Холбооны Улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас сэрэмжлүүллээ.
Тэрбээр "Манай улсаас тус улсыг зорин ирэх иргэдийн урсгал хөдөлгөөн эрс нэмэгдэж, 2025 оны эцсийн байдлаар 27 мянгад хүрч гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ тоогоор Австрали дахь монголчууд 3-рт бичигдэх хэмжээнд хүрчээ. Тэдгээрээс цөөнгүй иргэд маань Австралийн төрөл бүрийн бизнесийн салбарт аж ахуйн нэгж байгуулан үйл ажиллагаа явуулах, зам тээвэр, барилгын бүтээн байгуулалтанд гар бие оролцон хөдөлмөрлөх, боловсролын болон бусад чиглэлээр сурч мэдлэг боловсролоо дээшлүүлэх зэргээр бусдыгаа түүчээлэн сайн яваа билээ.
Гэвч сүүлийн үед бидний Австралийн хууль эрх зүйн талаарх мэдлэг ойлголт багатай атлаа аливаа сэжигтэй асуудалд хөнгөмсгөөр хандах, санамсар болгоомжгүйгээр хууль бус үйлдэлд татагдах, өөрийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байх, олон нийтийн дунд бусадтай зөв зохистой харилцаж биеэ авч явах тал дээр онцгой анхаарах шаардлага улам бүр тулгамдаж байгааг харуулсан тохиолдлууд гарах боллоо.
Тухайлбал удаа дараа сэрэмжлүүлсээр байгаа хэдий ч хилээр нэвтрэх үедээ хориглосон, хязгаарласан эд зүйлс нууцаар авч зорчих, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөт мансууруулах бодисын хэрэглээ, мөрийтэй тоглоомд уруу татагдах, дунд болон их дээд сургуулийн өсвөр насны хүүхэд, залуусын олон нийтийн дунд зохисгүй үйлдэл гаргах, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэх хүчирхийлэл болон бусад жигшим гэмт хэрэг, зөрчилд холбогдох зэргийг дурдаж болох юм.
Иймд Австралийн хууль тогтоомжийг сайтар сахин биелүүлэн, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос зайлсхийж, сэтгэл санаа, эрүүл мэнд, мөнгө санхүүгийн эрсдэлд орохоос өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө сэргийлж, хүн бүр хичээж явахыг сэрэмжлүүлж байна.
“Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” хэмээх ардынхаа зүйр үгийг санаж, чанд сахилга баттай байхыг уриалж байна.
Та бүхэн маань дор бүрнээ эх орон, элэг нэгтнээ бодож, сэтгэл зүрхэндээ тээж яваа хүсэл тэмүүлэл, зорьсон зорилгоо амжилттай биелүүлэхийн төлөө хичээгээрэй." гэв.
