“Тэнгри” тоглолтын үеэр танхайрсан төрийн тусгай хамгаалалтын алба хаагч н.Батзаяаг 100 мянган төгрөгөөр торгожээ

Артист Б.Өлзий-Учрал буюу ThunderZ-ын “ТЭНГРИ” тоглолт 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөсөн. Тоглолтын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн зарим иргэн нийгмийн хэв журам сахиулж байсан цагдаагийн алба хаагчтай маргалдах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг зөрчил гаргасан.
Тодруулбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч, ахлах дэслэгч н.Батзаяа бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт ширээ болон тайзны багана дээр гарч, шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч руу зохисгүй үйлдэл гаргасан байна. Уг үйлдэлтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагаас 2026 оны тавдугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Танхайрах”, мөн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, саад учруулах” үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгажээ. Улмаар 2026 оны тавдугаар сарын 28-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ авахуулах саналтайгаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс уг хэргийг хэлэлцэн холбогдогч Б-д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

