ЦАГ АГААР: Зургаадугаар сарын эхээр ихэнх нутгаар ДУЛААН БАЙХ Ч дунд үеэс сэрүүсэж, БОРОО орно

Зургаадугаар сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар (ОЖД) Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 6–12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20–24°С, бусaд нутгaaр 13–19°С дулаан бaйдаг.
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 60–70 мм, Ховд, Говь–Алтай, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог. Хур тунадасны хувьд 1979–1982, 1995-2007, 2017–2020 онуудад дарааллан ОЖД–аас бага байсан бол 1983–1986, 1988-1991, 2011-2016 онуудад ОЖД–аас харьцангуй ахиу хур тунадас орсон байна. 2017 онд нийт нутгийн дунджаар ОЖД–аас 15 мм–ээр бага тунадас орсон нь түүхэн дэх хамгийн хуурай 6–р сар болсон бол 1994 онд ОЖД–аас 26 мм–ээр ахиу тунадас орсон нь 1979 оноос хойшхи хамгийн ахиу тунадастай 6–р сар болсон байна.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсэж, ОЖД-аас 3–5ºС–аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1–3ºС–аар дулаан байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд (ялангуяа сарын сүүлээр) нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 3–5°C–аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°C–аар сэрүүн байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°C–аар дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд бага зэрэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр (ялангуяа сарын сүүлээр) ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 9–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, ялангуяа дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 3–5°C–аар хүйтэн байна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–3°C–аар дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэж болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас Дорноговийн нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсэж, ОЖД–аас 2–5°C–аар хүйтэн байна.
Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°C–аар сэрүүн байна. Харин хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–3°C–аар дулаан өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай байна.
