Хөрсний шинжилгээ, биобордооны боловсруулалттайгаар 3000 гаруй суулгац ТАРИЛАА

“Монголын төмөр зам” ТӨХК нь байгаль орчны тогтвортой хөгжил, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнтэй хамтран Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 380-384 км-т мод, ургамал тарималжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хөрсний агрохими болон микробиологийн шинжилгээ хийх зорилгоор 22 цэгээс нийт 110 дээж авч судалгаанд хамруулан, хөрсний үржил шимийг сайжруулах урьдчилсан боловсруулалтад 12 тонн гумины бэлдмэл ашиглалаа.
Мөн Биологийн хүрээлэнтэй хамтран “Урга” биобордоог үйлдвэрлэн талбайд нийлүүлж, 3000 гаруй мод, сөөгийн суулгац тарьж, усалгаа арчилгааны ажлыг зохион байгуулсан байна.
Төслийн хэрэгжилтийн хугацаанд Цогтцэций өртөө болон Зам ангиас усан хангамж, техник, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, мод тарилтын ажлыг бүрэн дуусгалаа. Цаашид тарьсан мод, ургамлын арчилгаа, ургалтыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр талууд санал солилцсон юм.




