ФОТО: Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулж буй “Монгол адуучин” чуулганд 21 аймгийн 800 адуучин оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй Адуучдын нэгдсэн зөвлөгөөнд 21 аймаг, сумдаас нийт 800 адуучдын төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөнд бүх адуучдын, уяачдын холбоодууд, эмэгтэй адуучдын “Монголжин” холбооноос гадна адуучин 9 хөдөлмөрийн баатрын төлөөлөл, үр хүүхдүүдээс нь урилгаар оролцож байна. Мөн адуучдыг ажлын байраар давхар хангах боломжийг бүрдүүлэх, адуун соёлыг дэлгэрүүлэх зорилгоор морин хуур урлаачдын холбоо, дархчуудын холбоо дэмжин оролцож байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий даяар нийт 57.0 сая гаруй толгой адуу байна. Үүний 8.9 хувь буюу 5.1 сая толгой адууг Монгол Улсад өсгөн үржүүлж байна. Монгол Улс адуун сүргийн тоогоор дэлхийд 4-р байрт ордог бол нэг хүнд ногдох адууны тоогоор тэргүүлдэг.

ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад адуун соёлын эх ундаргатай монгол наадам, морин хуур болон хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлээ бүртгүүлсэн. Мөн 2013 онд Хүй долоон худагт болсон 10 мянган морьтны жагсаал, 4000 хурдан морины уралдаан “Нэг дор хамгийн олон морьтон цугларсан, хамгийн олон морь уралдсан” гэдэг дээд амжилт тогтоон Гиннест бүртгүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 2025 оны хуралдаанаар “Дэлхийн адууны өдрийн тухай” 79 дүгээр тогтоолыг дэмжин баталсан нь нүүдэлчин ард түмний үр сад, морьтон монголчуудын хувьд магнай тэнийлгэсэн сайхан мэдээ байлаа. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх тухай” 100 дугаар тогтоолыг батлан гаргасан юм. Үндэсний их баяр наадмын хүрээнд анх удаа өргөн дэлгэр тэмдэглэх Дэлхийн адууны өдрийг угтаж “Монгол адуучин” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм.












