УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв ирэх таван жилийн хөгжлийн стратегиа тодорхойллоо

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн 2026–2030 оны хөгжлийн стратегийг боловсруулах хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж, төвийн цаашдын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх зорилтуудыг тодорхойлох чухал алхам боллоо.
Хэлэлцүүлэгт УГТЭ-ийн удирдлага, Хүний нөөцийн алба, Сувилахуйн алба, зүрх судасны чиглэлийн тасаг, нэгжүүдийн эмч, сувилагч, инженер, техникч зэрэг нийт 32 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, ирэх таван жилд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцон, мэргэжлийн түвшний нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэ үеэр зүрх судасны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт оношилгоо, эмчилгээний технологийг үе шаттай нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг шинэ шатанд гаргах асуудлыг стратегийн тэргүүлэх чиглэлээр тодорхойллоо.
Мөн эмнэлгийн үйл ажиллагаанд дижитал шилжилтийг эрчимжүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны шийдлийг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр оролцогчид санал, зөвлөмжөө хэлэлцэв.
Тус хэлэлцүүлгийн үр дүнд 2026–2030 оны хөгжлийн стратегийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэлүүдийг нарийвчлан тодорхойлж, цаашид үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах суурь бүрдсэн юм. Энэхүү хэлэлцүүлэг нь үндэсний хэмжээнд зүрх судасны тусламж, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх урт хугацааны бодлогыг төлөвшүүлэхэд онцгой ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

