Э.Чинбаатар: Орон нутгийн замд гарч байгаа осол хэрэг нь ихэвчлэн жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан гарч байна

Урин дулааны улирал эхлэх гэж байгаа энэ цаг дор бид Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Орон нутгийн замын хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Чинбаатараас тодруулга мэдээлэл авлаа.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын нөхцөл байдлын талаар Цагдаагийн ахмад Э.Чинбаатар "Улсын хэмжээнд энэ оны эхний 04 сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй 42,833 дуудлага бүртгэгдэж ослын улмаас 173 иргэн амь насаа алдсан бол 772 иргэн хүнд хөнгөн гэмтэж бэртсэн байна.
Хүүхэд гэмтсэн осол 190 бүртгэгдсэнээс 10 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоо мэдээ байна.
Харин орон нутгийн замд 1259 дуудлага мэдээлэл бүртгэгдэж ослын улмаас 131 иргэн амь насаа алдсан бол 155 иргэн хүнд, хөнгөн гэмтэж бэртсэн байна. Ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдсан байна.
Орон нутгийн замд гарч байгаа осол хэрэг нь ихэвчлэн жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан гарч байна.

Иймээс иргэд жолооч та бүхэн холын замд гарч орон нутгийг зорихдоо доорх зөвлөмжийг баримтлаж хөдөлгөөндөө зөв соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Үүнд:
- Нэгдүгээрт: Техникийн бүрэн байдлыг үзэж шалгах, өөрөө шалгаж мэдэхгүй бол засварын төв болон оношлогооны төвд хандаж үзүүлэх,
- Хоёрдугаарт: Хамгаалах бүсийг заавал хэрэглэх, Хөдөлмөр амралтын горимыг баримтлаж, хэт ядарсан нойрмоглосон үедээ жолоо барихгүй байж амрах
- Гуравдугаарт: Хэмжээт хурдыг хэтрүүлэхгүй байх
- Дөрөвдүгээрт: Замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг дагаж мөрдөх
- Тавдугаарт: Гэрлээ шилжүүлж хөдөлгөөндөө оролцох
- Зургаадугаарт: Архи согтууруулах ундаа сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байх.
Замын хөдөлгөөний дүрэм амьдралын алтан дүрэм. Алтан шар зам тань өлзийтэй байг!" гэв.





















