З.СҮЛД: Салбарын ирээдүйн хөгжлийг тодорхойлох ЧАДВАРТАЙ СУДЛААЧДЫГ БЭЛТГЭХЭД бид онцгойлон анхаарч ажилладаг З.СҮЛД: Салбарын ирээдүйн хөгжлийг тодорхойлох ЧАДВАРТАЙ СУДЛААЧДЫГ БЭЛТГЭХЭД бид онцгойлон анхаарч ажилладаг
05 сарын 13, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

З.СҮЛД: Салбарын ирээдүйн хөгжлийг тодорхойлох ЧАДВАРТАЙ СУДЛААЧДЫГ БЭЛТГЭХЭД бид онцгойлон анхаарч ажилладаг

2026 оны 5 сарын 13

Arslan.mn

Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн профессор, доктор, цагдаагийн дэд хурандаа З.Сүлдээс шинжлэн магадлах ухаан магистр, докторын хөтөлбөрийн талаар тодрууллаа.

-“Шинжлэн магадлах ухаан” ахисан түвшний хөтөлбөрийн талаар танилцуулна уу?

-Криминалист-шинжээчдийн дундаас 1983 онд анхны эрдэмтэн төрөн гарсан нь С.Бадарчи багш юм. Түүний үндэслэн хөгжүүлсэн дэг сургуулиас улбаатай манай сургалтын хөтөлбөр нь уламжлал, шинэчлэлийг оновчтой хослуулсан, чанартай боловсрол олгох тогтолцоог бүрдүүлж, салбартаа манлайлах мэргэжилтнүүдийг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулсаар байна. Өдгөө тус сургууль нь “Шинжлэн магадлах ухаан”-ы бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

2014 оноос “Шинжлэн магадлах ухаан” магистр, докторын сургалтыг эхлүүлсэн бөгөөд энэ нь шинжээчдэд өөрийн эзэмшсэн мэргэжил, ажлын чиглэл, сонирхсон судалгааны сэдвийг гүнзгийрүүлэн судлах өргөн боломжийг бүрдүүлсэн юм.

2014 оноос хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрөөр одоогийн байдлаар шинжлэн магадлах ухааны доктор 6, шинжлэн магадлах ухааны магистрын зэргийг 80 гаруй судлаач амжилттай хамгаалаад байна.

-“Шинжлэн магадлах ухаан” ахисан түвшний хөтөлбөрийн эрэлт хэрэгцээг тодорхойлбол?

-Дэлхий нийтээр дээд боловсролын салбарыг өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага болон олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх арга замыг тууштай эрэлхийлэх болсон. Үүний тулд их, дээд сургуулийг судалгаанд түшиглэн хөгжүүлэх замаар сургалт, эрдэм шинжилгээний уялдаа холбоог бэхжүүлэх шаардлагатай. Ингэснээр их сургуулийн сургалтын бодлогыг мэргэшсэн мэргэжилтэн, судлаачдыг сургаж бэлтгэхэд түлхүү хандуулахын зэрэгцээ дээд боловсролын болон үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийг зохих түвшний мэдлэгтэй мэргэшсэн мэргэжилтнээр бүрдүүлэх цаашлаад эрдэмтэн судлаачдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх замаар эдгээр салбарын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэх боломж бүрддэг.

Олон улсын жишгээс харахад шинжлэн магадлах байгууллагын шинжээчид :

• Байгалийн ухааны магистрын зэрэгтэй байх;

• Зарим шинжилгээний лабораторид ажиллахаар болсон тохиолдолд докторын зэрэгтэй байх шаардлага нэмэгдэж байна.

Иймээс их, дээд сургуулиуд шинжлэн магадлах ухааны чиглэлээр магистрын болон докторын хөтөлбөрийг эрчимтэй хөгжүүлж байна. Тухайлбал, ОХУ-ын Дотоод хэргийн болон Хууль зүйн яамны харьяа их сургууль, БНЭУ-ын Гужаратын Шинжлэн магадлах ухааны их сургууль, АНУ-ын Калифорнийн их сургууль (Дэвис), Бостоны их сургууль ахисан шатны хөтөлбөрөөр шинжээчийг бэлтгэж байна.

Иймд олон улсын чиг хандлага, Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлоготой уялдуулан шүүх шинжилгээний салбарт судалгаа, шинжилгээний үндэслэлтэй бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аливаа асуудалд мэдлэг, эмпирик материал, туршилт, практикт тулгуурлан, судалгаа, шинжилгээний аргуудыг ашиглан зөв шийдвэр гаргах чадвартай судлаачдын хэрэгцээ эрчимтэй нэмэгдэж байна.

Шинжлэн магадлах ухааны ахисан түвшний сургалтын хөтөлбөр нь судалгаа, шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах, төлөвлөх, төсөлт ажил боловсруулах, онол, практикт тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, судалгааны ажил эрхлэх чадвартай судлаач бэлтгэхэд чиглэдэг.

-“Шинжлэн магадлах ухаан” ахисан түвшний хөтөлбөрийн онцлог нь юу вэ?

-“Шинжлэн магадлах ухаан” ахисан түвшний сургалтын хөтөлбөр нь салбар дундын мэдлэг, судалгаанд суурилсан арга зүйг хослуулдгаараа онцлог юм. Магистрын хөтөлбөрийн нэг чухал давуу тал нь элсэгчдэд заавал криминалистик, шинжлэн магадлах ухааны бакалаврын зэрэгтэй байхыг шаарддаггүй. Тухайлбал, их эмч, экологич, инженер, биологич, агрономич, химич, физикч, сэтгэл зүйч зэрэг олон салбарын мэргэжилтнүүд энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцах бүрэн боломжтой орчин үеийн шинжлэн магадлах ухааны боловсролын чухал хэлбэр юм.

-Суралцах орчин нөхцөлийн талаар мэдээлэл өгнө үү?

-Сургалтын үйл ажиллагаа нь орчин үеийн шаардлага хангасан, туршилт судалгаа хийх бүрэн боломж бүхий лабораториудад түшиглэн явагддаг. Түүнчлэн мөр судлал болон бичиг баримт судлалын лаборатори нь олон улсын MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагад нийцсэн урьдчилсан үнэлгээ авч сургалт болон судалгааны чанар, найдвартай байдлыг баталгаажуулж байна.

-Тус хөтөлбөрөөр төгсөгчид ямар мэдлэг, чадварыг эзэмшин төгсөх вэ?

-Бид суралцагчдаа сургалтын хөтөлбөрт тусгасан мэдлэг, чадвар, төлөвшлийг бүрэн эзэмшихийн зэрэгцээ дараах чадамжуудыг эзэмшин төгсдөг. Тухайлбал, бие даан шинжлэх ухааны судалгаа хийх, туршилт, шинэ арга зүй, дэвшилтэд технологийг судалгаа, практикт нэвтрүүлэх нэвтрүүлэх чадамжтай, өөрийн гаргасан дүгнэлтээ шүүхэд тайлбарлах, хамгаалах, нотлох чадварыг өндөр түвшинд эзэмшинэ.

-Цаашдын хөгжлийн чиглэл юу вэ?

-Дэг сургуулийн уламжлалыг хадгалан хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын түвшинд нийцсэн судалгаа, инновацад суурилсан сургалтыг өргөжүүлж, салбартаа манлайлах хүний нөөцийг бэлтгэх зорилготой ажиллаж байна.

“Шинжлэн магадлах ухаан” магистрын хөтөлбөр 2023 онд магадлан итгэмжлэгдсэн, докторын хөтөлбөрийг 2027 онд магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөн байна.

Шинжлэн магадлах ухааныг сонирхон судалдаг, энэ салбарт мэргэшин хөгжих хүсэлтэй залуусыг манай магистр, докторын ахисан түвшний хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668872
0 эможи

keyboard_arrow_up