АУДИТ: Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт медикал эмнэлэг“ төсвийн 335 сая төгрөгийг хууль бус цалинд олгожээ

Үндэсний аудитын газар 2026 оны гуравдугаар сарын 13-нд Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв төв буюу хуучнаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "Эрдэнэт медикал эмнэлэг" ХХК-ийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ" гаргасан байна.
Тодруулбал, аудитаар нийт 719 сая төгрөгийн зөрчил илэрснээс 2,1 сая төгрөгийн 3 төлбөрийн акт тогтоож, 210 сая төгрөгийн зөрчилд 4 албан шаардлага хүргүүлж, 507 сая төгрөгийн зөрчилд 7 зөвлөмж өгчээ.
Мөн 420 сая төгрөгийн цалин, шимтгэл олгосон зэрэг алдаа илэрчээ.
Зөрчлүүдээс дурдвал:
- 1 албан хаагчид 1 сая төгрөгийн цалинг илүү тооцож олгосон.
- Анхан шатны нотлох баримтгүй 242 сая төгрөг кассаас зарцуулсан.
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийт ажилтнуудад 153 сая төгрөгийн урамшуулал олгосон.
- Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон шилжихтэй холбоотой ажлын ачаалал их байсан гэж үзэж ажилтнуудад 27 сая төгрөгийн ээлжийн амралтын цалинг өгч, нийт 181 сая төгрөгийн урамшуулал, ээлжийн амралтын цалинг хавтгайруулж олгосон.
- 2025 оны шилдэг ажилтнуудыг алдаршуулах үйл ажиллагаанд 29 сая төгрөгийн төсөв баталж зарцуулсан.
Түүнчлэн тус байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиггүй, найдваргүй авлагыг хэрхэн бүртгэх талаар зохицуулалтгүй боловч эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ үзүүлсэн орлогоос 2023-2025 оны 68 сая төгрөг, хэвтэн эмчлүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг төлөөгүй 6 иргэний 2024-2025 оны 2,1 сая төгрөг, 2022 онд үүссэн ПОС машины орлоготой холбоотой Медипас ХХК-аас авах 5,6 сая төгрөг, нийт 76 сая төгрөгийг НАЙДВАРГҮЙ АВЛАГА гэж бүртгэж, авлагыг бууруулсан зөрчил илэрчээ.
Ташрамд дурдахад, "Эрдэнэт медикал эмнэлэг" ХХК-ийн захирлаар өнгөрсөн оны сүүлд хүртэл П.Сувдаа ажиллаж байсан бөгөөд Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгож өөрчилснөөр Ж.Жавхлан томилогдон ажиллаж буй.

