ТОДРУУЛГА: Осолд орсны улмаас эрчимт эмчилгээний тасагт байгаа хүүхдийн биеийн байдал тогтворжсон

Баян-Өлгий аймгийн Толбо суманд гарсан зам тээврийн ослын талаар ЦЕГ-аас тодруулахад "Баянөлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож хүн нас барсан гэх мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагийн орчимд тус аймгийн Цагдаагийн газарт бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 17 настай, эмэгтэй А нас барж, 18 настай эмэгтэй Ж, Г, 19 настай эмэгтэй К нар гэмтэл авч, эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна.
Тухайн иргэд нь аймгийн ЕБС-ийн 12 ангид суралцдаг байна. Жолоо барьж явсан иргэн нь 18 насанд хүрсэн байсан" гэв.
Харин хүүхдүүийн биеийн байдлын талаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Бахытжанаас тодруулахад " Энэ сарын 11-ний өдөр Толбо сумын нутаг дэвсгэрт авто осол бүртгэгдэж, 12 дугаар ангийн нэг сурагч харамсалтайгаар нас барсан. Мөн нэг сурагч хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт, хоёр сурагч гэмтлийн тасагт эмчилгээ авч байна.
Одоогоор эрчимт эмчилгээний тасагт байгаа хүүхдийн биеийн байдал тогтворжсон. Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн эмч дуудсан. Эмч нар Ховдын чиглэлийн онгоцоор ирж яваа " гэв.
