Монголын өсвөрийн 14 тамирчны Ташкент хотод хийсэн хамтарсан бэлтгэл сургуулилт ҮР ДҮНГЭЭ өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын хүрээнд хоёр орны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилтыг амжилттай зохион байгууллаа. Уг бэлтгэлийн эхний үе өнгөрсөн оны зургаадугаар сарын 24-30-ны өдрүүдэд Спортын төв ордон болон “Их тамир олимп” цогцолборт, хоёр дахь үе долоодугаар сарын 1-14-ний өдрүүдэд “Их тамир олимп” цогцолборт нийт 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан юм.
Үүний араас Спортын төв ордны “А” танхимд 2025 оны долоодугаар сарын 1-6-ны өдрүүдэд Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит бага насны боксчдын “ОЛИМПЫН ГАРАА” УАШТ болсон бөгөөд тус тэмцээний үеэр хоёр орны өсвөрийн тамирчдыг нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан билээ.
Тэгвэл 2026 онд дээрх айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Биеийн тамир, спортын зөвлөх Ш.Амарсайханы удирдлага дор Монгол Улсын өсвөрийн 14 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт Узбекистан улсын Ташкент хотноо дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд “Олимп, дэлхийн хошой аварга, Ази тивийн гурван удаагийн аварга Баходир Джалолов”-ын нэрэмжит боксын төрөлжсөн сургуульд хамтарсан бэлтгэл сургуулилт хийлээ.
Тус хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна. Узбекистан улсын Ташкент хотод тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болж буй өсвөрийн Азийн АШТ-ээс одоогийн байдлаар манай улсаас хөвгүүдийн 49 кг-ын жинд Т.Кайсар, 50 кг-д Ө.Сүлд, 63 кг-д Б.Баттэмүүлэн, охидын 48 кг-д А.Мөнгөнзул, 50 кг-д З.Аминхайр, 57 кг-д Ч.Дагиймаа нарын тамирчид мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.




