₮8.7 тэрбумыг угаасан хэргээр шалгагдаж буй УБЗЗАГ-ын дарга асан Б.Галхүү хөл дүүжлэх унаагүй, ОРОХ ОРОНГҮЙ гэжээ

Улаанбаатар зам, засвар арчлалтын газрын дарга асан Б.Галхүү, Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Н.Лхагвасүрэн нар 4 компани руу 8.7 тэрбум төгрөг шилүүлэн, шилжүүлсэн мөнгөнөөсөө өөрсдийн хамаарал бүхий иргэдийн дансаар буцаан авах замаар хөрөнгө завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 18.6-1-ийн мөнгө угаасан, 22.1-1 дүгээр зүйлийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр үргэлжлүүлэн шалгаж буй.
Тэгвэл ₮8.7 тэрбумыг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн данс руу шилжүүлсэн хэргээр шалгагдаж буй Улаанбаатар зам, засвар арчлалтын газрын дарга асан Б.Галхүүгийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр сүүлийн нэг жилийн дотор түүний гэр бүлийн орлого 26 сая төгрөгөөс 126 сая төгрөг болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ. Мөн өөрийнх нь хадгаламж 6 сая төгрөгөөс 154 сая төгрөг болж нэмэгдсэн байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮24 сая
Гэр бүлийн орлого: ₮126 сая
Орон сууц барилга байгууламж: ₮0 сая
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮10 сая /Эзэмших-700м2 хоёр газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮64 сая
Хадгаламж: ₮154 сая
Авлага: ₮65 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Ташрамд дурдахад, Б.Галхүү 2020 оны арванхоёрдугаар сард “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-ын даргаар томилуулсан аж.
