Каргогоор мансууруулах бодис оруулж ирсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний хооронд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нийт 47 мянга гаруй эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байна. Энэ хугацаанд 1,781 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж, 882 хэрэг шинээр нээжээ. Мөн 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн талаар мэдээллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийн дийлэнх нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу 190 хэрэг байсан бол өмчлөх эрхийн эсрэг 127, зам тээврийн аюулгүй байдлын эсрэг 79 хэрэг бүртгэгджээ. Үүнээс гадна бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, авлигын 10 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Мөн мансууруулах бодистой холбоотой нэг хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Г.У гэх иргэнийг 2023 онд Турк Улсаас гэр бүлийн гишүүнийхээ нэр дээр карго илгээмж ашиглан метамфетамины агууламжтай бодис оруулж ирсэн гэж үзэж байгаа аж. Уг бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг бөгөөд худалдаалах зорилготойгоор улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй гэж мөрдөн шалгажээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
