“Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсад 2026 оны 08 дугаар сард зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (COP-17) талуудын бага хурлын 17 дугаар хуралдаантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын санаачилгаар “Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг /2026.05.01/ Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулав.
Арга хэмжээнд Зэвсэгт хүчин, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Гаалийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэг зэрэг байгууллагын 35 алба хаагч, удирдах ажилтан оролцсон юм.
Оролцогчид албаны нохойн сургалт, ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцож, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр санал хэлэлцэж, албаны нохойн ашиглалтын нэгдсэн бодлогыг боловсронгуй болгох, онцгой нөхцөл дэх шуурхай бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэргэшил, албаны нохойн нөөц бүрдүүлэлт, үржлийн үйл ажиллагааг хөгжүүлэх, үнэрийн лабораторийн үйл ажиллагааг сайжруулахад хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Дээрх ажлуудад сайжруулалт хийснээр гэмт хэргийн газрын үнэрийн ул мөрийг шинжлэн тогтоох, нотлох баримтыг баталгаажуулах, сэжигтэн этгээдийг тогтоох ажиллагаанд дэвшил гарч, гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэх, нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаанд шуурхай, уялдаа холбоотой ажиллах боломж бүрдэх юм.













