16 настай охины амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг тавдугаар сарын 11 хүртэл хойшлууллаа

16 настай охины амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд эхэлсэн. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг прокуророос гаргалаа.
Тодруулбал өнөөдрийн шүүх хуралд оролцох хяналтын прокурор н.Баясгалан Өмнөговь аймгийн Ханбогд суманд тавдугаар сарын 1-ний 09:00 цагт товлогдсон хянан хэлэлцэх шүүх хуралтай давхцаж байгаа тул Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтыг хамт ирүүлсэн байна. Харин өөр нэгэн хяналтын прокурор нь ямар нэг нөхцөл шалтгаанаа мэдэгдээгүй байгаа юм.
Хохирогчийн өмгөөлөгч нар шүүх хурлыг үргэлжлүүлэх, хүндэтгэх шалтгаан нөхцөл мэдэгдээгүй хяналтын прокурорт хариуцлага тооцох санал гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөнөөр нийгмийг цочроосон энэхүү хэргийн Давж заалдах шатны шүүх хурлыг тавдугаар сарын 11-ний 09:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.
