ДХИС “Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрүүдийн гэрчилгээ“-гээ гардан авлаа

Дотоод хэргийн их сургууль нь “2025-2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-нд “Сургалтын хөтөлбөрийг үндэсний болон олон улсад магадлан итгэмжлүүлэх” стратегийн зорилтыг тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Энэхүү зорилтын хүрээнд 2025 онд Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-Гамшиг судлал”, Хууль зүйн сургуулийн “Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийг олон улсад хамтарсан магадлан итгэмжлүүлэх ажлыг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл, ХБНГУ-ын “ACQUIN” чанарын баталгаажуулалтын байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлэв.

Үүний зэрэгцээ Цагдаагийн сургуулийн “Цагдаа судлал”, Хилийн албаны сургуулийн “Хил судлал” бакалаврын хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд 2 дахь удаагийн магадлан итгэмжлэл хийлгэж, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг ханган ажиллалаа.
Өнөөдөр манай сургуулийн эрдмийн хамт олон “Гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа”-нд оролцож ХБНГУ-ын ACQUIN байгууллагатай хамтарсан магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр-2, үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн 2 гэрчилгээг тус тус гардан авав.
Гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд тэргүүтэй хөтөлбөр хэрэгжүүлэгч бүрэлдэхүүн сургуулийн захирал, профессор, бусад бүтцийн нэгжийн алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
Ийнхүү Дотоод хэргийн их сургууль нь 19 хөтөлбөр буюу нийт хөтөлбөрийн 51 хувийг үндэсний хэмжээнд, 2 хөтөлбөрийг олон улсад амжилттай магадлан итгэмжлүүлснээр “Шударга ёсыг дэлгэрүүлэгч Азийн тэргүүлэх их сургуулийн жишигт хүрэх” алсын хараа, стратегийн зорилгодоо хүрэх алхмын эхлэл тавигдаж байна.

