М.Р.Каримсаков: Казахстанаас галт тэрэг худалдан авах гэрээ байгуулах гэж байгаа нь тээвэр, худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал Астана хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэхүү айлчлалын үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Казахстаны Гадаад худалдааны танхим "Бизнес форум" зохион байгуулж байгаа билээ. Уг форумд Монгол Улсын талаас 90 гаруй аж ахуйн нэгжийн 100 гаруй бизнес эрхлэгчид, Казахстаны талаас 150 гаруй бизнес эрхлэгчид оролцов.
Бизнес эрхлэгчид хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, ноос ноолуур, барилга, тээвэр логистик, банк санхүүгийн салбарын төлөөллүүд харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм.
Энэ үеэр Казахстаны Гадаад худалдааны танхимын Удирдах зөвлөлийн дарга М.Р.Каримсаков уулзалтын үеэр ямар ажил яригдаж буй талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид өнөөдөр Казахстан Улсын нийслэл Астана хотноо Монголын бизнес эрхлэгч анд нөхөдтэйгөө уулзаж, ээлжит Бизнес форумоо зохион байгуулж байна.
Бидний харилцаа, хамтын ажиллагаа их нөхөрсөг, ажил хэрэгч байдгийг дурдъя. 2024 онд Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хоёр улс “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосныг та бүхэн мэдэж байгаа.
Энэ хүрээнд бид зам, тээвэр, уул уурхайн олборлолт, хүнсний үйлдвэрлэл гээд олон салбарт хамтран ажиллахаар олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнээс хойш бид их идэвхтэй хамтран ажиллаж байна.
Казахстан-Монголын Бизнесийн зөвлөлийн ажил эрчимжиж, монголын 400-аад аж ахуйн нэгж, түүний дотор хамтарсан 20-иод аж ахуйн нэгж манайд үйл ажиллагаа явуулдаг. Цаашид бүх салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
2025 онд хоёр улсын худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт 2024 онтой харьцуулахад долоон хувиар өссөн. Энэ нь 135 сая ам.доллар гэсэн үг. Монголын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ их хэмжээгээр нийлүүлж байна. Энэ бол маш сайн.
Учир нь манай улс монголчуудын хувьд Төв Азийн бүс нутаг, Европ, бусад орны зах зээлд нэвтрэх гүүр нь болох бүрэн боломжтой. Иймээс учирч байгаа саад бэрхшээлээ шийдэж, тээврийн коридороо хөгжүүлэн, бараа эргэлтийг хурдасгах нь чухал байгаа.
Өнөөдрийн бизнес форумын үеэр 20 орчим гэрээ, хэлцэл байгуулах төлөвтэй байна. Тухайлбал манай улсаас галт тэрэг худалдан авах гэрээ байгуулах гэж байгаа нь тээвэр, худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Монголд хөдөө аж ахуйн гаралтай экологийн бүтээгдэхүүн нийлүүлэх гээд олон чухал баримт бичигт гарын үсэг зурна.
Монголоос олон аж ахуйн нэгжийн төлөөлөл ирсэн байна. “Мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн маргааш манай үйлдвэрүүдээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцана.
Харилцан ашигтай хамран ажиллах хүсэл сонирхол хэн хэнд нь байна. Жишээ нь манай зах зээлд төмс дутагдалтай байдаг бол танайд хэрэгцээтэй сайн чанарын улаан буудай манайд байдаг. Дутуугаа давуу тал болгон ашиглах боломж бидэнд бүрэн байгаа гэж бодож байна" гэв.
