Р.Эмүжин : УИХ-ын гишүүд л бүрэн эрхээ эдэлж байвал улс орон сөхөрч, ард түмэн мөлхөж байх хэнд ч хамаагүй юу? Р.Эмүжин : УИХ-ын гишүүд л бүрэн эрхээ эдэлж байвал улс орон сөхөрч, ард түмэн мөлхөж байх хэнд ч хамаагүй юу?
04 сарын 08, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Р.Эмүжин : УИХ-ын гишүүд л бүрэн эрхээ эдэлж байвал улс орон сөхөрч, ард түмэн мөлхөж байх хэнд ч хамаагүй юу?

2026 оны 4 сарын 08

Arslan.mn

Нийтлэлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар өөрийн сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Тэрээр, "Бүрэн эрхээ л эдэлж байвал бүтэн улс сөхрөх нь хэнд ч хамаагүй юу гэж асуумаар байгаа юм. Ардчиллын тулгуур зарчим лдаа. Хүн хоорондын харилцаа, ажил хэрэг хоорондын гэрээ, тэр байтугай амраг хоёрын хоорондын амлалт бүгд буцах замтай, буух эзэнтэй байдаг. Энэ маш энгийн, итгэл дааж байвал ажилла, чадахгүй бол яв гэдэгтэй л адил. Нөхөрлөлийнхөө үнэ цэнийг өргөж чадаж байвал нөхөрлөнө, элдэв ашиг сонирхолтой хольж хутгаад, хүндлэл ёс зүй гээчийг хөлдөө чирээд байвал болино.

Аливаа хаалгыг нээж, бас хааж сурах хэрэгтэй. Алив хөдөлгөөн гэдэг чинь ардчилал, огт хөдөлгөөнгүй оршино, тэр тусмаа тэндээ дархлагдана гэдэг чинь дарангуйлал...энэ мэтээр эгэл ухагдахуунаар хэдэн янзаар ч тайлбарлаж болно, эгэл бид энэ бичигдээгүй зарчмыг хэмжүүр болгон урагшилдаг. Гэтэл Монголын парламентад хэмжүүр байхгүй.

Манай парламентын гишүүд ер нь бол эрх гэдэг юмаа маш сайн мэддэг, гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэдэг өгүүлбэрийг эрүүгээ эцтэл хэлдэг. Гэсэн атлаа хуралдаа суухгүй, хуйвалдаанд оройгүй, авилгад холбогдсон нь ч арзайгаад байж байдаг, баримтыг нь АТГ-т хүргүүлээд байхад л баастай бурхан шиг залраастай.

Үүрэг хариуцлага гэдгийг долоон уулын цаана хаячихсан, үүц идэш гэдгийг долоон тогоогоор нь залгичихсан. Тэгээд хулгайгаа нуухын тулд олны толгойг угаана, олгойгоор тоглоно. Худалч, хулгайч нар нь гишүүний дархан эрхээс зууралдаж үлдэхийн тулд яахаас ч буцахгүй. Тэгсээр байгаад парламент нь өөрөө 461 дүгээр анги шахам болчихсон.Тийм ч болоод УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай Ерөнхийлөгч Хүрэлсүхийн санаачилсан хуульд их эмзэг хандаж, үүнийгээ парламентын дархлаа энэ тэр гэсэн үгээр хаацайлж байна.

Парламентын дархлаа чинь өөрөө дарангуйллын бордоо болчихоод байна шүү дээ. Ардчилал ганц хазгай гишгэхэд л аймшгийн дарангуйлал болж хувирдаг. Үүнийг бид саяхны Оюун-Эрдэнийн жишээгээр мэднэ, үг дуугарвал цахим гав, үйлдэл хийвэл сошиал гүтгэлэг... Ажлаа ёс зүйтэй хийж чадвал ажилла, чадахгүй бол гэртээ харь...энгийн бөгөөд үнэн зарчим, шударга шаардлага.

Компаниасаа хулгай хийсэн ажилтнаа толгойг нь илээд, албан тушаал ахиулаад байлгаад байдаг хувийн хэвшил байвал олоод ир, харъя. Хариуцлага тооцох хуулийн аргачлалгүй учраас УИХ нь шударга бусын ил тод жишээ болсон. Алхам алхмаар, жил жилээр улсаараа "Өө ингээд байгаад байж болдог л юм байна" гэсэн төөрөгдөлд живсэн...Төр, түмний төлөө зүтгэнэ гэж тангараг өргөчихөөд өөрийнхөө ашиг орлого, алдар нэрийн төлөө зүтгээд байдаг хүн гэрээгээ зөрчиж, тангарагаасаа буцсан гэсэн үг, нэгэнт буцсан юм чинь буулгахаас яах билээ...юу гээч, айл хүртэл бурханаа буулгаад тоос шороог нь арчдаг юм, гэмтсэн эмтэрсэн байвал засах арга зам хайдаг юм...хоймортоо сэвтэй бурхан залчихаад холыг зорино гэж юу байх вэээ, эмзэглээд байх юмгүй ээ, эмтэрхий шүтээнээ, эвдэрсэн гишүүдээ явуулах нь зөв!

Хэрэггүй хаалгыг хааж, итгэлгүй хүнийг явуулж сур даа, энд ардчилсан парламентын дархлаа ярих нь ямар утгатай гэж, тэгвэл ардчилсан нийгмийн дархлаа яах юм?

Ганц хоёр гишүүн эргүүлэн татахад л ганхдаг парламент гэж байх уу? УИХ-ын гишүүд л бүрэн эрхээ эдэлж байвал улс орон сөхөрч, ард түмэн мөлхөж байх хэнд ч хамаагүй юу?" хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668322
1 эможи

keyboard_arrow_up