Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн албан хаагч нүүрэндээ оёо хийлгэсэн. Биеийн байдал хэвийн, шаардлагатай эмчилгээг хийлгэж байна

"Зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд бэртэл авч, ухаан санаа нь орон гаран эмнэлэгт байна" гэх мэдээлэлд ЗХЖШ болон ар гэрийнх нь зүгээс тайлбар мэдээлэл өглөө.
Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн штабын дарга Б.Дорждэрэм " 3 дугаар сарын 22-ны 17 цагт Баянхонгор аймагт байрлах Барилга инженерийн цэргийн харьяа анги дээр бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагч буюу 2 хугацаат цэргийн алба хаагч хоорондоо харилцааны зөрчил гаргасан. Зөрчлөөс болоод нэг цэрэг бэртсэн байгаа. Барилга инженерийн цэргийн удирдах газраас болсон үйл явдлыг яаралтай тодруулан, 3 дугаар сарын 23-ны шөнө Цэргийн төв эмнэлэгт авч ирээд үүссэн шархыг косметик оёогоор орсон.
Шархны байдлыг харахад урт зүсэгдсэн байсан. Анхны тусламж үзүүлэхдээ эвгүй оёсон байсан. Хүний нүүр царай дээр байгаа шарх учраа яаралтай авч ирээд косметик оёо шаардлагатай гээд гэр бүлтэй нь тохирсон.
Одоогийн байдлаар хугацаат цэргийн албан хаагч маань нүүрэндээ оёо хийлгэсэн, биеийн байдал хэвийн, ухаан санаа нь орж гарсан юм байхгүй, хэвтрийн дэглэмгүй байгаа.
Эмнэлгээс цагдаа руу мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээгээд ажиллаж байна." гэв.
Зэвсэгт хүчний Хяналт, үнэлгээний газрын дарга С.Баяр-Очир "Хагас сайн, Бүтэн сайн бол амралтын өдрүүд. Цэргүүд үдээс хойш амарч байдаг. Хэрэгт холбогдуулан ЗХЖШ-аас бүрэлдэхүүн очиж ажиллан, нөхцөл байдлыг тодруулсан. Энэ бол 2 хугацаат цэргийн алба хаагчдын дунд гарсан асуудал. Дээд албан тушаалтан буюу офицер, ахлагч оролцсон асуудал байхгүй. Албаны шалгалт явагдсантай холбоотойгоор шалгалтын дүн гарсны дараа холбогдох албан тушаалтанд цэргийн дүрмийн дагуу хариуцлага тооцно.
Хэрэгт холбогдсон хоёр цэрэг хоёулаа Завханых. Үл ялиг шалтгааны улмаас маргалдаж, дүрмийн бус харилцаа харилцаа үүссэн байна.
Батлан хамгаалах салбар дүрмийн бус харилцаа гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Оны ялгаа гэдэг зүйл олон жилийн цэрэгтэй байхад оршиж байсан байх магадлалтай одоо бол байхгүй. Цэргүүдийн аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулж байгаа. Бидний зүгээс цэргийн ангид ямар нэгэн хурц үзүүртэй зүйл байлгадаггүй. Үүсээд байгаа асуудалд тухайн ангийн удирдлагууд хариуцлага хүлээнэ.
Гэмтэл авсан цэрэг хөнгөн шарх авсан. Эмч нар хөнгөн шарх гэж үзсэн учраас шаардлагатай эмчилгээг хийж, эмч нарын дүгнэлтийн дагуу үргэлжлүүлэн цэргийн албаа хаана" гэлээ.






