Халхгол сумын нутагт түймэр тавьсан иргэнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн тодорхой төрлийн хэргийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тоймлон хүргэж байна.
Дорнод аймгийн прокурорын газраас иргэн З.М нь 2025 оны 09 дүгээр сард Халхгол сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа өөрийн тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдан өвс, ургамлыг цэвэрлээгүйн улмаас шаталт үүсэж, хээрийн түймэр гарч, 23,093 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 76,182,851 төгрөгийн, бусдын эд хөрөнгөд 57,820,000 төгрөгийн, 1 хүний биед хүнд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд З.М-г “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулж, түүний гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан хохиролд 7,6 сая төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Хавар, намрын хуурайшилтын цаг хугацаанд ой, хээрийн бүсэд тээврийн хэрэгсэлтэй зорчихдоо иргэд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайтар нягтлах шаардлагатай бөгөөд жолооч нарын хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн яндангийн хэсэгт өвс их хэмжээгээр хуримтлагдаж, ой хээрийн түймэр гарах нэг шалтгаан болдог. Иймд та бүхэн сонор сэрэмжтэй байж, байгалиа хамгаалахыг уриалж байна.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 24.7 ДУГААР ЗҮЙЛ.ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАВИХ
1.Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.





