Л.Магыза: Таван ам бүлтэй айл өдөрт 50-60 литр усыг хэрэглэлгүй урсгаж байна Л.Магыза: Таван ам бүлтэй айл өдөрт 50-60 литр усыг хэрэглэлгүй урсгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Л.Магыза: Таван ам бүлтэй айл өдөрт 50-60 литр усыг хэрэглэлгүй урсгаж байна

2026 оны 3 сарын 24

Arslan.mn

Ус, дулаан, цахилгаан хангамжийн үйлчилгээний талаар иргэдийн дунд олон ташаа ойлголт бий. Айл бүрийн крантаар гарч буй бүх усыг нэг байгууллага хариуцдаг мэт ойлгох нь түгээмэл. Гэвч бодит байдал дээр энэ салбар илүү нарийн бүтэц, үүргийн хуваарилалттай.

Энэ талаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах инженер Л.Магызатай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай байгууллагын хамгийн их андуурагддаг сэдвээс яриагаа эхэлье. Ус сувгийн газар гэхээр л манай гэрийн крантаар нийлүүлж байгаа бүх усыг хэлээд байна гэж ойлгодог шүү дээ.
-Тийм ойлголт түгээмэл байдаг. УСУГ бол усны олборлолтыг хариуцдаг байгууллага. Манай Улаанбаатар хот гүний усны эх үүсвэртэй. Гүнээс усыг олборлоод, ундны усны норм, стандартын дагуу халдваргүйжүүлээд төв шугам сүлжээ буюу дамжуулах төвүүд рүү нийлүүлдэг.

Харин манай байгууллага ус, дулаан дамжуулах төв дээрээ УСУГ-аас хүйтэн усаа авч, дотроо халуун ус үйлдвэрлээд, тэндээс халуун, хүйтэн усны хоёр шугамаар орон сууц, аж ахуйн нэгжүүдэд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, бид дамжуулж, тохируулж, хэрэглэгчдэд хүргэдэг байгууллага.

-Танай байгууллагыг иргэд СӨХ-той андуурах, нөгөө талаас УСУГ-тай адилтгах нь байна. Танай бүтэц, үйл ажиллагааны талаар тодруулбал?
-Манай байгууллага есөн хэлтэс, 19 хэрэглэгчид үйлчлэх төвтэй. Улаанбаатар хотын зургаан дүүрэгт ус, дулаан, цахилгааныг 24 цагийн турш тасралтгүй, найдвартай хүргэх үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Нийт 2100 гаруй ажилтан, албан хаагчтай.

-Үйлчилгээ үзүүлэхэд хамгийн хүнд үе нь өвөл үү, зун уу?
-
Манай байгууллага дөрвөн улирлын турш 24 цагийн тасралтгүй засвар үйлчилгээ хийж ажилладаг. Гадаах агаарын температур хасах үед гарсан гэмтэл, сааталд ажиллахад хүндрэлтэй байдаг тул өвөл илүү хүнд. Харин зун урсгал болон их засварын ажлууд төлөвлөгөөний дагуу их хэмжээгээр хийгддэг учраас ачаалалтай үе болдог.

-Хот тэлж, хүн ам нэмэгдэж байна. Энэ үед хэрэглэгчдэд халуун ус, дулаан хүргэхэд ямар хүндрэл тулгарч байна вэ?
-
Шинээр баригдаж байгаа барилга бүр дээр эхлээд техникийн тодруулга, техникийн нөхцөл олгогддог. Барилгын зураг төсөл батлагдсаны дараа инженерийн дэд бүтцийн байгууллагуудаас шаардлагатай даралт, температурын тооцоог хийж, тухайн барилгыг хангах боломжийг тодорхойлдог.

Хэрэв боломжгүй нөхцөл үүсвэл шугам сүлжээ, тоног төхөөрөмж дээрээ шинэчлэл, өргөтгөл хийж байж шаардлагатай үзүүлэлтүүдийг хангадаг.

-Гадаах температур дулаарахад халаалт дагаад буурдаг. Энэ тохируулгыг танайх хийдэг үү?

-Уялдаа холбоотой ажилладаг. Жил бүр гадаад температуртай уялдуулсан горимын тооцоог Улаанбаатар дулааны сүлжээнээс гаргаж баталдаг. Тэр горимын дагуу ус, дулаан дамжуулах төвүүд дээр тохируулга хийгддэг.

Тэнд 24 цагийн турш машинист ажиллаж, тоног төхөөрөмжийн ажиллагаа, усны зарцуулалт, даралтыг хянаж ажилладаг.

-Фильтертэй ус хэрэглэснээр эрдэсийн дутагдалд орж байна гэсэн судалгаа яригдаж байна. Танай байгууллага усанд эрдэсжүүлэлт хийдэг үү?
-
Үгүй. УСУГ-аас халдваргүйжүүлсэн усыг бид ямар нэгэн химийн боловсруулалт, эрдэсжүүлэлт хийлгүйгээр дамжуулдаг. Манай байгууллага усны даралт, температурыг тохируулж хэрэглэгчдэд хүргэх үүрэгтэй.

-Жил бүр халуун ус тасардагтай холбоотойгоор иргэд бухимддаг. “Яагаад жил бүр шугам сольдог вэ” гэдэг асуулт их гардаг.
-
Манай нийт шугам сүлжээ 1500 гаруй км урттай. Үүний 60 хувь нь ашиглалтын хугацаа дууссан.

Зуны улиралд бид урсгал болон их засварын ажлуудыг төлөвлөж хийдэг. Энэ нь зөвхөн манай байгууллагаас шалтгаалахгүй. Жишээлбэл, Улаанбаатар дулааны сүлжээ халуун усыг хороолол, хотхон, дүүргээр нь хязгаарлах засварын график гаргадаг. Тэр графикийн дагуу хаалт хийгдсэн үед нь бид шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, солих ажлуудаа уялдуулж хийдэг.

-Яагаад жил бүр газар ухах шаардлагатай болдог вэ. Нэг удаа бүрэн шийдэж болдоггүй юм уу?
-
Энэ асуудал дээр сүүлийн 3-4 жил бодлого хэрэгжүүлж байна. Хагас болон бүрэн нэвтрэх тунелийн системээр шугам сүлжээгээ шинэчилж, дотор нь хүн орж засвар үйлчилгээ хийх боломжтойгоор төлөвлөж, зураг батлуулж, ажлуудыг хийж байна.

Ингэснээр шугам сүлжээнд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд газар ухахгүйгээр, авто болон явган зам, тохижилттой талбайг эвдэхгүйгээр засвар үйлчилгээ хийх боломж бүрдэнэ.

-Энэ нь метротой холбоотой төлөвлөлттэй уялдаж байгаа юу?
-
Метроны трассын дагуу инженерийн шугам сүлжээг гаргах, огтлолцож байгаа шугамуудыг хэрхэн шийдэхийг зураг төслөөр төлөвлөж байгаа.

-Шугам сүлжээний 60 хувь нь ашиглалтын хугацаа дууссан гэж байна. Үлдсэн 40 хувь нь шинэ гэсэн үг үү?
-
Тийм. Шинээр ашиглалтад орсон болон урсгал, их засвараар шинэчлэгдсэн хэсгүүд юм. 

-Зарим улс зэс шугам ашигладаг. Манайд ийм боломж бий юу?
-
Манайд туршилтын жишээ бий. Эрдэнэт хотын зарим хэсэгт зэс шугам ашигласан. Харин Улаанбаатар хотын хувьд сүүлийн жилүүдэд хуванцар шугам ашиглах нь илүү тохиромжтой гэж үзэж байна. Насжилт урт, эвдрэл гэмтэл багатай.

-Хуванцар шугам хүний биед сөрөг нөлөөтэй гэсэн ойлголт байдаг шүү дээ. 
-
Олон улсын стандарт, норм дүрмийн дагуу үйлдвэрлэгдсэн шугам сүлжээ нь хүний биед сөрөг нөлөөгүй.

-Иргэд дуудлага өгөхдөө СӨХ-той андуурдаг. Танай дуудлагын систем хэр ажилладаг вэ?
-
Манайх 20 оператортой. Нэгдсэн 7000-5454 дугаараар бүх дуудлагаа авдаг. Манай байгууллага нийслэлийн орон сууцны 61 хувьд нь үйлчилгээ үзүүлдэг. Үлдсэн хэсгийг хувийн орон сууцны конторууд хариуцдаг.

-Гадагшаа явсан байхад хэрэглээ гарсан байдаг. Энэ юутай холбоотой вэ?
-
Төлбөр нэг сарын хоцрогдолтой бодогддог. Мөн тоолуургүй айлууд хүний тоогоор буюу задгай хэрэглээгээр тооцогддог. Тиймээс хэрэглээгүй байсан ч төлбөр гардаг.

-Усны зохистой хэрэглээ гэж байх ёстой байх. Хэтрүүлэн хэрэглэж байгаа хүмүүс байдаг байх. Усыг хэмнэж хэрэглэснээр хэр их хэмжээний өртөг, зардлыг мөнгөн дүнгээр хэмнэх боломжтой вэ. Та бүхний хувьд үүн дээр тооцоолсон байдаг болов уу? Хэрэглэгч хэмнэлт хийснээр танай ажлыг хөнгөвчлөх боломжууд байдаг уу?
-
Хэрэглэгчид шүдээ угааж байхдаа ашиглахгүйгээр их гоожуулж байдаг. Жишээлбэл, шүдээ үрж байхад ус нь гоожиж л байдаг. Гэтэл тухайн цоргоор ямар даралттайгаар ус гоожиж байгаагаас хамаарч хэдэн литр ус урсах вэ гэдэг асуудал бий.

Тухайн айл таван ам бүлтэй байлаа гэхэд хүний тоогоор үр ашиггүй ус зарцуулаад байвал хэрэгцээ шаардлагагүйгээр ундны цэвэр усыг зүгээр урсгаад, бохир усны шугам руу хийж байгаа гэсэн үг.

Таван ам бүлтэй айлд багаар бодоход 20 литр ус гоожуулж байна. Энэ нь зөвхөн өглөөний шүд угаахад гарч байгаа хэрэглээ.

Мөн аягаа угаахдаа крантаа нээлттэй орхиж угаадаг. Ингэхэд багаар бодоход 25-30 литр ус урсаж байдаг.

Өөрөөр хэлбэл, өөрсдөдөө хэрэгцээ шаардлагагүйгээр өдөрт 50-60 литр ус урсгаж байна гэсэн үг. Үүнийг нэг сарын хоногоор үржүүлэхээр ойролцоогоор 1.5 метр куб ус болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668101
0 эможи

keyboard_arrow_up