А.Оюунчимэг: Сүрьеэ өвчнийг сэжиглээд шинжилгээнд хамруулсан тохиолдолд 30 минутын дотор оношлох боломжтой болсон А.Оюунчимэг: Сүрьеэ өвчнийг сэжиглээд шинжилгээнд хамруулсан тохиолдолд 30 минутын дотор оношлох боломжтой болсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

А.Оюунчимэг: Сүрьеэ өвчнийг сэжиглээд шинжилгээнд хамруулсан тохиолдолд 30 минутын дотор оношлох боломжтой болсон

2026 оны 3 сарын 24

 Arslan.mn

Өнөөдөр “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр” тохиож байна. Энэ жилийн хувьд “Амьсгал бүр чухал" гэсэн уриан доор зохион байгуулж байна.

Уг өдрийг тохиолдуулан өнөөдөр Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Глобал сангаас хамтран мэдээлэл хийлээ. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн,  ДЭМБ-ын Төв оффисын ХДХВ, сүрьеэ, вируст гепатит болон бэлгийн замын халдварт өвчний газрын захирал Тереза Касаева, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантетай, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд болон бусад албаныхан оролцлоо. 

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ "Монгол Улсад бүртгэгдэж байгаа сүрьеэгээр өвчлөгсдийн 60 орчим хувь нь 15-44 насныхан буюу ид хөдөлмөрийн насны иргэд байгаа юм. Энэ нь халдварын тархалт өндөр байгааг илтгэж байна.

Манай улсын хувьд сүрьеэгийн оношилгооны чадавх улам бүр сайжирч, үндэсний хэмжээнд эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлж байна. Мөн хиймэл оюун ухааны технологийг рентген зураг уншихад ашиглаж эхэлсэн. Цусанд сүрьеэгийн далд халдвар тодорхойлох шинжилгээг ХӨСҮТ-д нэвтрүүлсэн. Энэ салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд бид 30 хувийн нэмэлт урамшууллыг мөн олгодог болсон.

Мөн эрт илрүүлгийг оновчтой болгох хүрээнд ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, Глобаль сан хамтран сүрьеэг эрүүл мэндийн тогтолцоонд суурилсан илрүүлэлтийн тогтвортой загварыг бүрдүүлэх зорилготой “Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт” төслийг өчигдрөөс эхлүүллээ.

Манай орны хувьд сүрьеэгийн тандалт судалгааг эрчимтэй зохион байгуулж өвчлөлөөс урьдчилан сэргийлж ажиллах нэн шаардлагатай байна. Эрт оношилж чадвал эмчилгээ үр дүнтэй болох магадлал төдий чинээгээр нэмэгдэнэ. Тиймээс танд сүрьеэ өвчинд нийтлэг илэрдэг халуурах, турах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрч байвал заавал эмнэлгийн байгууллагад хандаарай гэж зөвлөж байна." хэмээлээ.

Arslan.mn

Өнгөрсөн жил сүрьеэ өвчний халдвараар 182 иргэн амь насаа алдсан бөгөөд дээрх иргэдийн дийлэнх нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний улмаас мөн хавсарсан эмгэгтэй тэр дундаа чихрийн шижин, хавдрын эмчилгээ хийлгэж байсан иргэд байжээ.

ХӨСҮТ-д хандаж, оношлогдсон тохиолдыг эмчилсэн эмчилгээний амжилт нь мэдрэг сүрьеэ өвчнийх 80 орчим хувь, эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг эмчлэх 65-66 хувьтай буюу бусад орнуудыг бодвол өндөр үзүүлэлттэй байдаг. Тиймээс иргэд хамгийн эхэнд оношилгоонд хамрагдаж, эмчилгээгээ цаг алдалгүй эхлүүлэх нь нэн чухал аж. 

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн эрхлэгч А.Оюунчимэг:

Сүрьеэ нь амьсгалын замын халдварт өвчин. Их олон зүйлээс нөлөөлж уг өвчин устахгүй байгаа учраас салбар бүрийн оролцоо, бодлого маш чухал байна. Үүнээс гадна иргэдийн тууштай байдал, эрт илрүүлэгт хамрагдах нь хамгийн чухал.

Өнөөдрийн байдлаар хөдөлгөөнт хүн ам ихтэй Дархан-Уул, Төв, Дорноговь, Дорнод зэрэг аймаг, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт энэ өвчний гаралт хамгийн өндөр байна. Үүнээс гадна ажилгүйдэл, амьдралын түвшин дорой байх нь сүрьеэ өвчний халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

2006 оноос хойш Монгол Улс эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг эмчилж эхэлсэн. Анх 18-24 сарын турш тарилга, эмийг хавсран хэрэглэдэг байсан. Тухайн үеийн эмчилгээ нь гаж нөлөө ихтэй урт хугацаа шаардагддаг учраас иргэд халшрах, эмчилгээгээ дундаас нь орхигдуулах тохиолдол их байсан. Тэгвэл өнөөдөр олон судалгаа хийгдсэний үр дүнд эмчилгээний хугацааг 6-9 сарын дотор эмчлэх, шинэ эмүүд нэвтэрсэнтэй холбоотойгоор тарилгыг багасгах, гаж нөлөө багатай болж ирсэн нь эмчилгээг үр дүнтэй болоход маш том түлхэц болсон. Сүрьеэ өвчин нь шинж тэмдэг багатай учраас хайхрахгүй явсаар хүндэрсэн үед нь эмнэлэгт хандах тохиолдол их байна. Сүрьеэ өвчнийг бид сэжиглээд шинжилгээнд хамруулсан тохиолдолд 30 минутын дотор оношлох боломжтой болсон.

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн шинээр оношлогдож байгаа тохиолдол буурч байгаа хэдий ч эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол буурахгүй байна.

Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны нэгт, сүрьеэ өвчний дарамт өндөр 30 орны тоонд багтдаг бөгөөд энэ өвчнийг устгахад салбар хоорондын хамтын ажиллагаа чухал байгаа талаар мэргэжилтнүүд онцолж байлаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668098
0 эможи

keyboard_arrow_up