Албан өрөөндөө архидан согтуурч, зүй бус авирлан ажлаас чөлөөлөгдсөн хоёр хүнд 10 хоног баривчлах шийтгэл оноожээ

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас "Албан өрөөндөө архидан согтуурсан төрийн алба хаагчдыг ажлаас ньщ чөлөөлсөн” тухай мэдэгдэл гаргасан юм.
Тэгвэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс А.С, М.Э нарт зөрчлийн хэрэг нээж албадлагын арга хэмжээ авахуулж, шийтгэл оногдуулах саналыг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 23-ны өдөр ирүүлжээ.
Шүүхээс зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.
Энэ үедээ нэр бүхий байгууллагын сэтгүүлчдийг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэж”, 1.4-т “олон нийтийг үл хүндэтгэж” танхайрах гэж хуульчилжээ.





