“Монголын төмөр зам”-ын удирдах ажилтны зөвлөгөөн үргэлжилж байна

“Монголын төмөр зам” ТӨХК үүсгэн байгуулагдсаны 18 жилийн ойг тохиолдуулан “ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ ЖИЛ – УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөнийг өнөөдөр /2026.03.20/ зохион байгуулж байна.
Тус компани 2026 оныг “ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ ЖИЛ” болгон зарлаж, байгууллагын тогтвортой өсөлтийг хангах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг стратегийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
“ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ ЖИЛ –УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ” зөвлөгөөн нь төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2024–2050 оны дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байна. Түүнчлэн өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, алдаа оноог хэлэлцэн, сайн туршлагаа хуваалцах, цаашдын зорилт, чиглэлийг тодорхойлох зорилготой юм.

“Монголын төмөр зам” ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 189 дүгээр тогтоолын дагуу төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, үндэсний төмөр замын компанийг байгуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан билээ.









