Дэслэгч Я.ЖАВЗАНПАГМА: Шинжээч хөтөлбөрт эмэгтэй ЭЛСЭГЧ ЭЛСҮҮЛНЭ

“Шинжээч” хөтөлбөрийн талаар ДХИС-ийн Шинжлэн магадлах ухааны сургуулийн сургалтын арга зүйч, дэслэгч Я.Жавзанпагматай ярилцлаа.
-Шинжлэн магадлах ухааны сургуулийн сургалтын онцлог, давуу тал юу вэ?
-Монгол Улс криминалистикийн шинжээчийг 1964 оноос ОХУ-д, харин 2004 оноос эх орондоо бэлтгэж байна. Өдгөө 13 удаагийн төгсөлтөөр 300 орчим криминалистикийн шинжээчийг төгсгөсөн нь 9 дүүрэг, 21 аймагт ажиллаж байгаа юм.
Шинжээч бол аливаа хэргийн хувь заяаг шийддэг, хэргийг илрүүлэхэд чухал байр суурь эзэлдэг мэргэжлийн нэг юм.
Манай сургууль Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн “Шинжлэн магадлах ухаан” бакалавр, магистр, докторын түвшний 3 хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Мөн багш нарын хувьд Цагдаа, Хил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Онцгой байдал, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль зэрэг бүрэлдэхүүн 8 сургуульд тусгай мэдлэгийн хичээл сургалт ордгоороо онцлогтой.
Бид сургалтын үйл ажиллагааг лабораторид түшиглэсэн сургалтын арга зүйгээр зохион байгуулж, шинжлэх ухааны онолын мэдлэг, шинжилгээ хийх ур чадвар, шударга зарчимтай шинжээчийг бэлтгэн ажиллаж байна. Тухайлбал, шинжилгээний чиглэлийн хичээл тус бүрд 2-4 удаа криминалистикийн сургалтын шинжилгээ хийж дүгнэлтийг бие даан гаргадаг. Ингэснээр төгсөгч хараат бус, бие даасан байдлаар ажил үүргээ гүйцэтгэх арга барил, дадал олж авдаг.
Манай сургууль сонсогч, суралцагчдын семинарын болон дадлага хичээлийг “Бичиг баримт судлал”, “Мөр судлал”, “Гарын мөр судлал”, “Галт зэвсэг судлал”-ын шинжилгээний лабораториуд болон ШШЕГ-ын холбогдох лабораториудад тус тус зохион байгуулдаг.
ISO/IEC 17025:2018 Олон улсын стандартаар магадлан итгэмжлэгдсэн лабораториудад сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.
-Шинжээч сургалтын хөтөлбөрийн онцлогийг товч танилцуулна уу?
-Манай хөтөлбөрийн онцлог нь Хэргийн ул мөр, эд мөрийн баримттай технологийн дагуу ажиллах, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэгийн хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргахад шаардагдах эрх зүй, криминалистик, шинжлэн магадлахуйн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд оршино.
-Шинжээч хөтөлбөрөөр элсэхийн тулд ямар хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх ёстой вэ. Мөн босго онооны талаар мэдээлэл өгнө үү?
-“Шинжлэн магадлах ухаан” бакалаврын хөтөлбөрийн суурь хичээл нь математик, нийгэм судлал юм. Элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 480 ба түүнээс дээш оноотой байснаар суралцах бүрэн боломжтой.
-Математик, нийгэм судлал хоёр хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх ёстой гэсэн үг үү?
-Энэ хоёр хичээлийн аль өндөр оноотойгоороо бүртгүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, аль нэгээр нь заавал элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх ёстой.
-Энэ жил эмэгтэй элсэгч авах уу?
-Манай хөтөлбөр эмэгтэй элсэгч авдаг. Нийт элсэх хүсэлт гаргасан иргэдийн олонх нь эмэгтэй байдаг. Эрэгтэй, эмэгтэй элсэгчдийн тоо нь хяналтын тооноос хамаарч жил бүр өөр байдаг. 2026-2027 оны хичээлийн жилд “Шинжлэн магадлах ухаан” хөтөлбөрт эмэгтэй 5, эрэгтэй 20 элсэгч авахаар төлөвлөсөн.
-Оюутан солилцооны хөтөлбөр байдаг уу?
-Манай сургууль нь хамтын ажиллагааны хүрээнд ижил төрөл мэргэжлийн сургууль болох БНЭУ-ын Шинжлэн магадлахуйн Үндэсний их сургуультай 2018 оноос эхлэн санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд БНЭУ-ын Гужарат мужийн Ахмедабад хотын Шинжлэн магадлахуйн үндэсний их сургуулийн Компьютерын инженерчлэл-Кибер аюулгүй байдал, Шинжлэн магадлахуйн бакалаврын сургалтын хөтөлбөрт 8 сонсогч тус улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан солилцоогоор суралцаж байна.
-Шинжээч хөтөлбөрөөр суралцсанаар ирээдүйд ямар ажил хийх вэ?
-“Криминалистикийн шинжлэх ухааны тусгай онолын мэдлэгтэй, криминалистикийн 5 төрлийн шинжилгээ хийх ур чадвартай, аливаа хэргийн хувь заяаг шийддэг, хэргийг илрүүлэхэд чухал байр суурь эзэлдэг шинжээч болно.
-Ярилцсанд баярлалаа.

























