ЦЕГ: Сургагч багш бэлтгэх заах, арга зүйн сургалт эхэллээ

Цагдаагийн байгууллагын 10 төрөл мэргэжлийн албанаас бүсчилсэн хэлбэрээр, нийслэл болон орон нутгийн нэгжийн өөрийн албаны харьяа алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах зорилгоор “Сургагч багш” бэлтгэх 7 хоногийн заах арга зүйн сургалтыг /2026.03.09/-ний өдрөөс Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж байна.
Тус сургалтад ахлахаас дээш хэлтсийн дарга хүртэл албан тушаалтай албандаа мэргэшсэн 41 сурагч багш хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Дотоод хэргийн их сургууль, Удирдлагын академи, Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш, эрдэмтэн доктор, профессор багш нар удирдан явуулж байна.

Энэхүү сургалт нь цагдаагийн байгууллагын сургалтын тогтолцоог бэхжүүлэх, алба хаагчдыг ажлын байрны онцлогт нь нийцсэн мэдлэг, ур чадвараар тасралтгүй хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Сургалтад хамрагдсан сургагч багш нар заах арга зүй, сургалт зохион байгуулах аргачлал, орчин үеийн сургалтын чиг хандлагыг эзэмшиж, цаашид өөрсдийн модуль хичээлийг боловсруулан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулна.
Ингэснээр байгууллагын дотоод сургалтын чадавх нэмэгдэж, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх, үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах бодит боломж бүрдэх юм.









