Цасан шуурганд амь эрсэдсэн иргэдийн гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ

Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Дорнод аймгийн Халхгол суманд ажиллалаа.
Тэрбээр сумын Онцгой комиссын хуралдаанд оролцож цаг үеийн мэдээлэл сонссоны дараа, аймгийн Засаг дарга Ш.Ёл болон Онцгой комиссын гишүүдийн хамт байгалийн гамшигт үзэгдэл их цасан шуурганд нэрвэгдэн амь эрсэдсэн иргэдийн ар гэрт очиж эмгэнэл илэрхийлэв.
Халхгол суманд их цас орж, үргэлжилсэн цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсон тул сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Халхгол болон Дашбалбар, Чулуунхороот сумдын нийт нутгаар "Цагаан зудын" нөхцөлтэй гэх дүгнэлт гарсан.





