Эм зүйн салбарын эрдэмтэд цуглаж, 100 гаруй жилийн түүхт салбарын өнөөгийн чиг хандлагыг хэлэлцэж байна

Өнөөдөр Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Монголын эм зүйн байгууллагын нийгэмлэг, АШУҮИС зэрэг байгууллагууд хамтран "Эм зүйн салбарын 100 жилийн хөгжлийн үр дүн, туршлага-сургамж, хэтийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Академич Л.Хүрэлбаатар, Монголын эм зүйн байгууллагын нийгэмлэгийн Эм холбооны тэргүүн Д.Энхжаргал болон салбарт ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж буй эм зүйн салбарын төлөөлөл оролцож байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг:
Түүхт 103 жилийн түүхтэй эм зүйн салбарынхан, ахмад эрдэмтэд нэгэн дээвэр дор цуглаж, алдаа оноогоо дэнсэлж сууна. Манай газрын хувьд эмийн үнийг иргэдэд нээлттэй болгох, цахимжуулах ажлыг эхлүүлээд амжилттай явж байна. Өнөөдрийн байдлаар 2500 гаруй эмийн сангийн 2600 орчим эмийн үнийг нээлттэй болгосноор үнийн хөөрөгдөл буурч, тогтворжиж эхэлсэн. Цаашлаад бид эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлийн тандалтыг хийх, био хүрэхүй үздэг болох ажлыг хийх, гадаад харилцаагаа өргөжүүлэх, уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эм, танг экспортлох, мэргэжилтнүүдээ гадны улсад мэргэжил дээшлүүлж, сургах, лабораторийн хүчин чадлыг өргөжүүлэх ажлыг хийхээр төлөвлөөд, зарим ажлыг эхлүүлээд байна.

Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал И.Балжинням:
2024 онд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль нь өмнөх хуулиас нэлээд өргөн хүрээнд, ялангуяа эмийн чанар, аюулгүй байдлын зохицуулалт, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх тал дээр нилээд өргөн зохицуулалттай хууль болсон. Гэвч зарим нэгэн заалт нь салбарын хөгжилд саад болох тохиолдол байн. Тиймээс уг заалтыг богино хугацаанд засч, сайжруулах шаардлагатай байна.
Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт эмийн өрийн асуудал тулгамдсан асуудал болсон. Хувийн компаниудын эргэлтийн хөрөнгийн 30 гаруй хувь нь төрд зарцсанаас үүдэж, эхнээсээ эм хангамжийн байгууллагууд дампуурлын ирмэгт ирээд байна. Тиймээс төрийн бодитой дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна.





















