“Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар ₮52.5 тэрбумын мөнгөн урсгалыг эх орондоо үлдээжээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран дөрөв дэх жилдээ сар шинийн баярыг угтан "Амар байна уу 2026" үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны цогц арга хэмжээг зохион байгуулсан.
Тус үзэсгэлэн худалдаа "Их наяд" болон "Соёолж молл" худалдааны төвд нэг сарын турш үргэлжилж, борлуулалтын үр дүнгээ танилцууллаа.
Уг цогц арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, 55 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр сурталчлан борлуулсан.
Тодруулбал 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээсэн бөгөөд энэ тоо өнгөрсөн оны 52.4 тэрбум төгрөгийн бараа эргэлтийг давсан үзүүлэлт болсон гэдгийг нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Д.Ундармаа онцолсон юм.
Энэ жилийн тухайд уг цогц арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүрэг тус бүрд өөрсдийн онцлог бүхий “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаараа онцлогтой.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ





