“Санхүү өгнө“ гэх зараар эмэгтэйчүүдийг дуудан ирүүлж хүчиндэж, дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Цахим орчинд “санхүү өгнө” гэх хуурамч зар байршуулж, эмэгтэйчүүдийг хуурч дуудан ирүүлэн хүч хэрэглэж, дээрэмддэг бүлэг этгээдүүдийг Цагдаагийн ерөнхий газар-ын харьяа алба хаагчид илрүүлэн баривчилжээ.
Тодруулбал, 2026 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 00:00 цагийн орчимд цахим орчинд “санхүү авна” гэсэн зарын дагуу очсон эмэгтэйчүүдийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцанд 25-30 орчим насны долоон эрэгтэй хутга тулган айлган сүрдүүлж, бэлгийн хүчирхийлэл үйлдэн, биед нь халдаж зодсон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн хохирогчдын банкны данснаас 1 сая 700 мянган төгрөгийг өөрсдийн данс руу шилжүүлж, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллагаа явуулж, иргэн М, Б, Ц нарын найман сэжигтнийг олж тогтоон баривчилсан байна. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Шалгалтын явцад тус этгээдүүд нь бүлэглэн зохион байгуулалттайгаар цахим орчинд хуурамч зар байршуулж, эмэгтэйчүүдтэй холбогдон тодорхой байршилд дуудан ирүүлж, хүч хэрэглэн бэлгийн хүчирхийлэл үйлдэж, дээрэм хийдэг байсан нь тогтоогдсон байна.
Иймд иргэдийг цахим орчин дахь хуурамч зар, мэдээлэлд автахгүй байх, танихгүй хүмүүстэй уулзахдаа хувийн аюулгүй байдлаа хангах, эрсдэлтэй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Мөн ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр шалгалт, ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд гэмт үйлдлээс татгалзахыг анхаарууллаа.






