Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-нд баримтлах бодлого чиглэл, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, зөвлөмж боловсруулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үр нөлөөг дээшлүүлэх зорилготой хэлэлцүүлэг өнөөдөр /2026.02.06/ зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийг нээж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Ганчулуун, Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат нар үг хэлсэн юм.
Тус хэлэлцүүлэг хоёр үе шаттай зохион байгуулагдаж, нэгдүгээр хэсэгт:
-Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэгцээ, шаардлага, гэмт хэргийн нөхцөл байдал, хууль хэрэглээ, тулгамдаж буй асуудал;
-Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний өнөөгийн нөхцөл байдал;
-Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, хууль зүйн үндэслэл, ач холбогдол сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Хоёрдугаар хэсэгт оролцогч байгууллагуудын төлөөлөл “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-тай холбогдуулан илтгэгчдээс асуулт, хариулт авч, хэлэлцүүлгээс гаргах шийдвэрийн төсөл танилцуулж санал солилцсон юм.
Энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон бусад албан тушаалтнууд цахимаар хамрагдлаа.












