АТҮТ-ийн захирал Ц.Батсайхан салбар, төвүүдэд ажиллалаа

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Ц.Батсайхан өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн Техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллалаа.
Манай улс 1956 оноос эхлэн жилд нэг удаа орон даяар нэгдсэн журмаар автотээврийн хэрэгслийн улсын үзлэг, тооллого зохион байгуулж, тээврийн хэрэгслийн ерөнхий байдлыг шалгах, тоо бүртгэлийг шинэчлэх, татвар хураамжаар замын сан бүрдүүлэх, даатгалд хамруулах ажлыг тогтмол хийж ирсэн түүхтэй.
Дэлхийн банк болон Нордикийн хөгжлийн сангийн урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн “Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оношилгоо хийх төв байгуулах, бүртгэлийн нэгдсэн систем бий болгох” дэд төслийн хүрээнд 2005 оноос эхлэн Техникийн хяналтын үзлэгийн төвүүд үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн “Хөсөг” салбар, Сонгинохайрхан дүүргийн “Сонгино” салбарын Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, инженер техникийн ажилтнуудын ажлын нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсон, цаашид ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар санал солилцлоо.

Мөн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн үйл ажиллагаатай танилцав. Тус төв нь орон нутагт зорчих зорчигчдод тээврийн хэрэгслийн тасалбар түгээх, ачаа тээш хадгалах үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд хүлээлгийн танхимын зай талбай, иргэдэд үйлчилгээ үзүүлэх явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар холбогдох албаныхантай санал солилцсон юм.
Сонгинохайрхан зорчигч тээврийн төв нь “Номин”, “Драгон” автовокзал гэсэн хоёр салбараар дамжуулан 51 аж ахуйн нэгжийн 720 тээврийн хэрэгслээр улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулж байна.
Тус төв нь нийт ОХУ-ын Улаан-Үд хот болон 16 аймгийн 40 чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж, автовокзалаар өдөрт дунджаар 200–250 тээврийн хэрэгсэл үйлчилж, 2500–3500 зорчигч тээвэрлэж байна.










