ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМГЭНЭЛ

2025 оны 12 сарын 25

Arslan.mn

ЛУВСАННЯМЫН ЛХАГВА
(1949-2025)

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хүний их эмч, сансрын физиологич, академич Лувсаннямын Лхагва 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж, төрийн алба болон шинжлэх ухааны салбарт хүнд гарз тохиолоо. 

Академич Л.Лхагва нь 1949 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цагаан булан хэмээх газарт мэндэлсэн. 1957-1967 онд 10 жилийн дунд сургууль, 1967-1972 онд Анагаах ухааны дээд сургууль, 1978-1981 онд Зөвлөлт Холбоот Улсын Эмнэлэг - Биологийн асуудлын хүрээлэнд аспирантурт, 1991-1994 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академид докторантурт суралцаж, 1981 онд дэд эрдэмтэн, 1994 онд Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. 

Л.Лхагва нь 1972 онд Улсын хүүхдийн клиникийн төв эмнэлэгт их эмчээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1973-1977, 1982-2001 онд Анагаах ухааны дээд сургууль, Анагаах ухааны их сургуульд багш, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, 1977-1982 онд Шинжлэх ухааны академийн Физик, техникийн хүрээлэнгийн “Сансар судлалын сектор”-т эрдэм шинжилгээний ажилтан, 1983-1990 онд Эрүүлийг хамгаалах яаманд боловсрол хариуцсан мэргэжилтэн, Эрдэм шинжилгээний тасгийн дарга, Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1990-2001 онд “Хүн судлалын үндэсний төв”-ийн дэд захирал, Шинжлэх ухааны академийн Анагаах ухааны салбарын Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монголын анагаах ухааны академийн дэд ерөнхийлөгч, 2001-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилласан юм. 

Академич Л.Лхагва нь 50 гаруй нэг сэдэвт бүтээл, орчуулгын долоо, 311 эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл, нийтлэл 163, эрдэм шинжилгээний шүүмж 22-ыг туурвиж, 99 ном бүтээлийг хянан тохиолдуулсан нэрт эрдэмтэн юм. 
Л.Лхагвын академич Б.Чадраагийн хамт туурвисан “Сансрын цогцолборын судалгаа” бүтээл нь манай улсын XX зууны шинжлэх ухааны шилдэг бүтээлийн нэг юм. 

Л.Лхагва нь 16 шинэ бүтээлийн патент, ашигтай загвар бүтээж, анагаах ухаан, хронобиологи, морфологи, физиологи, спортын анагаах ухаан, анагаах ухааны ёс зүй зэрэг чиглэлээр Шинжлэх ухааны доктор 9, Анагаах ухааны доктор 14, Анагаах ухааны магистр 6-г удирдан хамгаалуулсан нэрт багш, сурган хүмүүжүүлэгч байлаа. 
Түүний шинжлэх ухааны салбарт оруулсан гавьяа зүтгэлийг нь төр үнэлж, Алтан гадас одон, Хүний гавьяат эмч цол, Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн юм. 

Академич Л.Лхагвын хөдөлмөрч, ажилч хичээнгүй, тууштай, шударга зан чанар, бүтээлч үйл хэрэг нь бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болно. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
666901
1 эможи

keyboard_arrow_up