ЦЕГ-ын “Гэмт хэрэг, зөрчил шалгах алба“ 2025 оны ажлаа дүгнэн, шилдэгүүдээ шалгарууллаа

Цагдаагийн Ерөнхий газрын отгон алба болох Гэмт хэрэг, зөрчил шалгах алба 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах, шилдэг алба хаагчдаа шалгаруулах “Тайлангийн хурал”-аа зохион байгууллаа.
Тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Ганчулуун, Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд болон бусад хөдөө орон нутаг болон нийслэлийн 400 гаруй алба хаагчид оролцлоо.
Хурлын үеэр Гэмт хэрэг, зөрчил шалгах албанаас энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил, бодлого, чиглэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулж, ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан алба хаагч, тасаг нэгжийг тодруулан, шагнаж урамшууллаа.

Энэ үеэр Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд хэлсэн үгэндээ “Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах хуралд хөдөө орон нутаг болон төвийн нийт 400 гаруй алба хаагч танхимаар болон цахимаар оролцлоо. ЦЕГ нь 2025 онд “Хамтдаа хөгжье” уриан дор долоон зорилтыг дэвшүүлсэн. Гэмт хэрэг зөрчил шалгах алба нь ард иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг. Өнөөдөр бид ажлаа дүгнэж үзэхэд 96,1 хувьтай гарсан нь алба хаагчдын ажлаа чин сэтгэл, зүтгэлтэйгээр хийж байгааг харуулж байна. Бид цаашид иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хурдан шуурхай, эрх чөлөөг нь хамгаалах үйл хэргээ улам чамбайруулан ажиллана. Манай албаны үнэт зүйлийн нэгдүгээрт алба хаагчид маань байдаг. Тиймээс алба хаагчидруу чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Гэмт хэрэг, зөрчил шалгах алба нь энэ онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг удирдлага болгон хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол мэдээллийг чирэгдэлгүй хүлээн авч, датанд түшиглан шуурхай шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэн ажиллажээ.
ЦЕГ-ын 2025 онд дэвшүүлсэн "Хамтдаа хөгжье" зорилтыг хэрэгжүүлэх 53 ажил, арга хэмжээг 98 хувьтай, албанаас санаачлан хэрэгжүүлсэн 62 ажил арга хэмжээг 92 хувьтай хийж хэрэгжүүлсэн аж.



































