Riel Atienza: Бид хайртай ээжийгээ алдсан ч өнөөдөр Монголын мянган ээжийг олж авлаа

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин асрагч эмэгтэйн ар гэрийнхэн өнөөдөр Монголд бууна. Тэд буунгуутаа хэвлэлийн бага хурал зарлах юм. Тодруулбал, одоогоос 10-аад жилийн өмнө гарсан уг хэргийн талаар сэтгүүлч С.Будрагчаа сөхөж, нэвтрүүлэг хийснээр уг хэрэг Монголчуудын анхааралд ороод буй.
Улмаар хохирогчийн ар гэрийнхнээс хүн ирвэл хавтаст хэрэгтэй танилцаж, дахин шалгуулах боломжтой гэснээр хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн Монголчуудын цуглуулсан хандив тусламжаар Монголд ирж байгаа юм.
Энэ талаар хохирогчийн охин Riel Atienza "Энэ сайхан сэтгэл биднийг үггүй болгож байна. Бидний төлөө хэн нэгэн дулаан хүрэм оёж, өөр хүмүүс гарын уртай, хайраар хийсэн дулаан гутал санал болгож байгааг мэдэх нь үгээр илэрхийлэхийн аргагүй их утга учиртай. Бид хайртай ээжийгээ алдсан ч өнөөдөр Монголын мянган ээжийг олж авлаа. Бид үүнийг гүнээ даруухан, чин сэтгэлийн талархалтайгаар хүлээн авч байна. Та бүхний энэрэл, нинжин сэтгэл бидний зүрхэнд үүрд үлдэх болно" гэжээ.






