НДЕГ-ЫН ДАРГА Б.БАТЖАРГАЛ БАЯНХОНГОР АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

Нийгмийн даатгалын байгууллага нь 2025 оныг “Даатгуулагчийг дэмжих, Нийгмийн даатгалын шимтгэлийг өрийг барагдуулах” жил болгон зарлаж, Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжууулах, шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг байгууллагын эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал /2025.10.09/ Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын албан хаагчидтай уулзаж, Нийгмийн даатгалын байгууллагын 2025 оны зорилт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.
2025 оны 10 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системийг 330 суманд нэвтрүүлж, мөн Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хүсэлтийг цахимаар авч эхэлсэнтэй холбоотойгоор тулгамдаж байгаа асуудлын талаар албан хаагчидтай ярилцаж, нийгмийн даатгалын үйлчилгээг чанаржуулах, хамралтыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлагыг бууруулахад салбар хоорондын уялдаа холбоо хамгийн чухал гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга онцлоод цаашид дээрх ажлуудыг эрчимжүүлэхэд хамтын хүчээр ажиллах нь чухал гэлээ.
Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын шинэ барилгын үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус барилгын ажил 80 орчим хувьтай явж байгаа бөгөөд энэ оны 12 сард ашиглалтад орно гэдгийг барилгын барьж байгаа компанийн зүгээс хэлсэн юм.





