Э.Товуудорж: Авто эргүүлийн тоог нэмэгдүүлснээр иргэдээс ирсэн дуудлага, мэдээлэлд 15 минутын дотор очдог болсон
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2025 оны удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр эхэллээ.
Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.
Энэ үеэр НЦУГ-ын дарга Э.Товуудорж хэлсэн үгэндээ "Иргэдээс цагдаагийн байгууллагад ирүүлж байгаа дуудлага, мэдээллийг яаралтай тусламжийн 102, “102 Police” аппликейшн ашиглалтад оруулсан. Бид байгууллагын үйл ажиллагааг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор өнгөрсөн онд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр эргүүлийн чиглэлийг 91-д хүргэсэн.
Ингэснээр иргэдээс ирүүлж буй дуудлагад 15 минутад хүрч ажиллах боломж бүрдэн тоо чанарт өөрчлөлт гарсан эерэг үр дүнтэй ажил болсон.
Иргэд Та бүхэн хүчирхийлэлд өртсөн иргэн, бага насны хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, хүнд гэмт хэргийн дуудлагад хүрч ажиллахаар явж байгаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна. Цаашид иргэдийнхээ аюулгүй, амар тайван орчинд амьдрах эрхийг хангахын төлөө цагдаагийн байгууллагаас олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа төдийгүй иргэд, олон нийтийн дэмжлэгийг авч, хамтран ажиллана" хэмээн онцоллоо.








