Ли Син Жэ: БНСУ-ын Е9 виз илүү удаан хугацаанд албан ёсоор ажиллах боломж олгодог Ли Син Жэ: БНСУ-ын Е9 виз илүү удаан хугацаанд албан ёсоор ажиллах боломж олгодог
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ли Син Жэ: БНСУ-ын Е9 виз илүү удаан хугацаанд албан ёсоор ажиллах боломж олгодог

2024 оны 5 сарын 28

Arslan.mn

Монголчууд дэлхий олон улсад ажиллаж амьдарч, сурч байгаагийн хамгийн олон нь буюу албан бус тоогоор 60 гаруй мянган иргэд БНСУ-д ажиллаж байна. 2000 оноос эхтэй Хангуг нутгийг зорих болсон монголчууд албан ёсоор гэрээ байгуулан ажиллахаас гадна цөөнгүй хэсэг нь хараар ажиллаж амьдарч байдаг нь нууц биш. Тэгвэл тус улсад ажиллахад хэлний шалгалтад тэнцчихвэл албан ёсоор ажиллах боломж олгодог Е9 визний шалгуур болон БНСУ дахь монголчуудын ажлын нөхцлийн талаар БНСУ-д ажиллах хүч зуучлах Хөдөлмөр зуучлалын HRDK төвийн захирал Ли Син Жэ-тэй ярилцлаа. Тус байгууллага нь 2007 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

-Юуны өмнө та БНСУ-д ажилд зуучилдаг үйл ажиллагааныхаа талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу. БНСУ руу ажиллах хүч зуучлахад жилд хэдэн удаа явуулдаг вэ. Бүртгэлээ хэзээ хийдэг вэ?

-Манай байгууллага 2007 онд байгуулагдсан. Манайхаар дамжин ойролцоогоор 40 гаруй мянган монголчууд Солонгост очиж ажилласан байна. Уг нь бол жилд нэг удаа бүртгэж явуулдаг. Гэхдээ энэ жилийн хувьд уул уурхай, ой модны салбарт нэмэлт ажиллах хүч авч байгаа учраас хоёр дахь бүртгэл явуулсан. Одоохондоо дараагийн бүртгэлийн тов хараахан гараагүй байна. Зургаадугаар сард мэдэгдэх байх.

-Монголчууд голдуу ямар салбарт ажиллаж байна?

-Өнгөрсөн жилийг хүртэл, “үйлдвэрлэл, үйлчилгээ 1” гэсэн салбар руу явуулдаг байсан бол энэ жилээс эхлээд зочид буудал, ресторан, хоолны газруудад хүмүүс ажиллаж байгаа. Оны эхэнд Солонгос руу явуулж ажиллах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж аваад шалгалт авдаг. Энэ жилийн хувьд 9000 орчим эмэгтэйчүүд хүсэлтээ өгсөн. Олон хүн бүртгүүлсэн учир хоёр удаа шалгалт авахаар болсон. Солонгос хэлний шалгалтдаа тэнцсэн хүмүүсээс мэргэжлийн чадварын шалгалт авдаг. Шалгалтын хувьд харьцангуй амархан гэж хэлж болно. Салбар болгоноос хамаараад босго оноо өөр. Үйлдвэрлэлийн чиглэлээр 55 онооноос дээш, үйлчилгээний салбарт 40 оноо авахад тэнцдэг.

Гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 21 хүртэл хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, барилгын чиглэлийн шалгалтуудаа аваад дууссан. Шалгалтад тэнцсэн хүмүүс одоо удахгүй чадварын шалгалтаа өгнө гэж хүлээж байгаа. Мөн эрүүл мэндийн үзлэгт оруулдаг.

Монголчууд БНСУ-д олноор ажиллаж амьдарч байна. Солонгосууд ч итгэл даадаг, ажилдаа сайн гээд монгол хүмүүсийг ажиллуулахдаа дуртай байдаг. Гэхдээ гол бэрхшээл хэлний асуудал байна. Солонгос хэлний шалгалтад тэнцдэг хүмүүс цөөхөн. Уг нь шалгалтын хувьд тийм хэцүү биш боловч иргэд мэдээлэл багатай дээр нь шалгалт гэхээр хүнд гэж ойлгоод эмээгээд байдаг юм шиг санагддаг. Тиймээс Е9 виз буюу албан ёсоор ажиллаж амьдрах эрхтэй визний солонгос хэлний шалгалтад аль болох олон хүнийг тэнцүүлэх зорилгоор БНСУ-ын ЭСЯ, Human Resources Development Service of Korea байгууллага хамтраад МУИС-ийн Сэжун хагданд тус шалгалтанд зориулсан анги нээх гэж байгаа. Мөн сургалтуудыг бичлэг болгож телевизүүдээр цацах төлөвлөгөөтэй байгаа.

-Монголчуудын нэг хэсэг нь Солонгост очиж ажиллахад эрүүл мэндийн байдал бүх зүйлээр шалгуур тавиад хамаг залуу сайхан боловсон хүчнээ явууллаа гэж төр засгаа шүүмжилдэг. Нөгөө талаар үнэхээр Монголд авч байгаагаас хэд дахин илүү цалин хангамжтай учраас олон монгол залуус БНСУ-д ажиллах хүсэлтэй байдаг. Мэдээж хэлний шалгалтыг бол ойлгож байгаа ч эрүүл мэндээс эхлээд бие бялдрын гээд нүд шүдийг нь хүртэл үзээд явуулдаг нь таатай санагддаггүй. Энэ шалгуурыг заавал тавих шаардлагатай байдаг уу?

-Эрүүл мэндийн шалгуур тавьдагийн гол шалтгаан нь үйлдвэрлэлийн салбарт ажиллах тохиолдолд биеийн хүчний ажил хийхэд боломжтой юу, бие бялдрын ачаалал даах уу гэдгийг нь үздэг.

-Монголчууд голдуу үйлчилгээ, барилгын салбарт ажиллаж байгаа талаар та хэллээ. Тэгвэл эдгээрээс гадна өөр ямар салбарт боломж нөхцөл байгаа вэ. Үйлчилгээнээс өөр салбарт ажиллахад нэмэлт шалгуур шаарддаг юм уу?

-Саяхныг хүртэл үйлдвэрлэлийн салбарт гаднаас ажиллах хүч авдаг байсан учраас монголчууд голдуу үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан. Энэ жилээс БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас салбаруудын тоог нэмсэн учир хэд хэдэн салбарт ажиллах боломжтой. Монголчуудын ажиллах боломжгүй салбар байхгүй. БНСУ-ын Засгийн газрын зүгээс ажиллах салбарыг бага багаар өргөжүүлэх бодлого барьж байгаа. Мөн Монголоос ажиллах хүсэлтэй иргэдээс саналыг нь сонсдог. Олонх эрчүүд барилгын салбарт ажиллах хүсэлтэй гэж санал өгсөн учраас илүү их хуваарилалт хийж байгаа. Эмэгтэйчүүдийн хувьд зочид буудал, ресторанд ажиллах хүсэлт их ирсэн учраас энэ жилээс үйлчилгээ-2 гэсэн өмнө байгаагүй салбарыг хүмүүсийн саналаар нэмж оруулсан.

-Монголоос очиж байгаа ажилтнуудад ямар нэгэн нийгмийн даатгал ч юм уу татварын хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Ганцхан Монголын ажилтнуудыг гэхээс илүү гадаадын улс орнуудаас ажиллаж байгаа хүмүүст ямар нэг асуудал шаардлагатай болоход орчуулагчаар хангагдах бүрэн боломжтой. Гадаадын ажилтнуудад зориулсан 40 гаруй төв байдаг. Амралтын өдөр бүр солонгос хэл, таэквондогийн сургалтад үнэгүй хамрагдах боломжтой. Мөн ажлын хажуугаар мэргэжлийн ур чадвар эзэмших боломжтой гагнуурчин, сантехник, автомашины засварчин зэрэг нарийн мэргэжлийн сургалт явуулдаг.

-Нууц биш бол цалингийн талаар тодруулж болох уу?

-БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёр сая вон. Дундаж цалин 2.5 сая вон гэж тооцож болно. Энэ нь БНСУ-д амьдрахад хангалттай хүрэлцдэг, Монгол руу ч их хэмжээний мөнгө явуулдаг гэж би сонссон.

-Та Солонгост албан ёсоор ажиллаж амьдрах эрхтэй Е9 визний талаар тодруулахгүй юу. Ямар хугацаатай байдаг вэ?

-Эхний удаад гурван жилээр виз олгоод, дараа нь Солонгост байхдаа нэг жил 10 сарын хугацаатай сунгаж болдог. Үүнийхээ дараа Монголдоо ирээд сар болсны дараа дахин хүсэлт гаргах эрхтэй байдаг. Ингээд нийт сунгалтыг тооцоход есөн жил 10 сар БНСУ-д хууль ёсны дагуу албан ёсоор ажиллах боломжтой.

-Е9 визэд Солонгост хараар ажиллаж байгаа хүмүүс хүсэлт гаргаад шилжих боломжтой юу?

-Хууль бусаар ажиллаж байгаа “харласан” хүмүүст шилжих боломж байхгүй.

-Гадаадаас ажилтан авах нь улс орнуудын төрийн том бодлого байдаг. Зөвхөн монголчууд биш гадны олон орноос авдаг. Монголчуудын хувьд гадаадын улс оронд очиж ажиллахад хэлний бэрхшээлээс гадна соёлын ялгаа гээд цөөнгүй бэрхшээл тулгардаг. БНСУ-ын зүгээс гадаад ажилтнуудын сэтгэл зүй, орчин нөхцөлд хэр сайн анхаарч чаддаг вэ. Гадаад ажилтнуудад зориулсан танай улсын бодлого хэр ээлтэй гэж та үздэг вэ?

-Энэ талаар харьцангуй таатай бодлого явуулдаг гэж хэлж болно. Шалгалтад эхний байдлаар тэнцсэн хүмүүст зориулаад Солонгосын соёлыг таниулсан 30-40 цагийн сургалт явуулдаг. Солонгосын хувьд ажиллах хүч харьцангуй бага байгаа. Тиймээс гадаадаас олон ажилтан ажиллуулах шаардлагатай байгаа учраас дэмжих, аль болох зөөлөн бодлого баримтлахыг эрмэлзэж байгаа. Ялангуяа гадаад ажилтнуудыг БНСУ-д тайван амгалан амьдрах, тав тухтай байхад нь дэмжлэг үзүүлэх тодорхой хөтөлбөрүүд байдаг болсон. Монгол Улс руу чиглэсэн эерэг, нээлттэй бодлого явуулж байгаа гэж ойлгоход болно. Нэг жишээ дурдахад, Монголын квот өнгөрсөн жил гэхэд 2700 байсан бол энэ жилээс эхлээд 4260 болж нэмэгдсэн. Мөн өмнө хэлсэнчлэн уул уурхай, барилга, үйлчилгээний чиглэлээр нэмж, ажиллах орон зайг илүү сайн хангаж өгч байгаа гэж ойлгож болно. Мөн Солонгост ажиллаж байхад ямар нэг асуудал тулгарвал шууд орчуулагчаар дамжуулан холбогдох газруудаас мэдээлэл авч болно.

-Гадаад улс орнуудаас хамгийн олон монгол хүн ажиллаж байгаа нь БНСУ. Та ярианыхаа эхэнд 40 гаруй мянган монголчууд танайхаар дамжиж явсан гэж байсан. Энэ тоог бусад улс орнуудтай харьцуулахад ямар байдаг юм бол? 

-Е9 визээр одоогоор 16 улсаас ажиллах хүч авч байна. Монголын хүн ам цөөхөн учраас бусад улс орнуудтай харьцуулахад квот бага. Гэхдээ хэлний шалгалтад тэнцэхгүйгээсээ болоод одоо байгаа квотдоо ч хүрч чаддаггүй.

-Монголчууд Солонгост ажиллахдаа зөвхөн мөнгө олохоос илүүтэй тэндээс их зүйл сурч мэдэж, эргээд эх орондоо ажиллаж байгаа бизнес эрхлэгчид цөөнгүй. Та манай уншигчдад Солонгосоос амжилттай нутагшуулсан сайн туршлагаас хуваалцахгүй юу?

-Монголд эргэж ирээд өөрсдийн бизнесээ босгоод амжилттай үйл ажиллагаа эрхэлж байгаа олон залуучууд байгааг харахад сайхан байдаг. Мэдээж энэ нь эргээд Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа учраас бид энэ талаарх мэдээллийг цуглуулж хадгалахдаа баяртай байдаг. Жишээ нь “Янмал” брэндийг үүсгэн байгуулсан оймсны үйлдвэрийн эзэд гэхэд анх солонгос хэлний шалгалтдаа тэнцээд албан ёсоор манайхаар дамжаад явж байсан хүмүүс. Эргэж ирээд ийм сайхан эх орондоо танигдсан үйлдвэртэй болсон. Монголд бас хүүхдийн цэцэрлэг байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс ч байна. Эдгээр хүмүүсийг дахин БНСУ-д томоохон арга хэмжээнд оролцохдоо хамт аваад явдаг, туршлагаас нь хуваалцдаг болсон. 

-Та бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Танд монголчуудад хандаад нэмж хэлэх, эсвэл сануулах зүйл байгаа юу?

-Бусад орнуудын хувьд ажиллах хүсэлтээ өгч бүртгүүлсэн хүмүүсийн 90-ээс дээш хувь нь ирж шалгалтаа өгдөг. Монголчууд бүртгүүлчихээд ирдэггүй хүмүүс олон байдаг. Дөнгөж 60 орчим хувь нь ирдэг. Тийм учраас бүртгүүлсэн бол ирж байгаарай гэж уриалмаар санагддаг. Бид энэ талаар санал асуулга явуулаад яагаад шалгалтдаа ирэхгүй байгааг асуухад ихэнх нь хичээлээ хийгээгүй учраас гэж хариулсан байсан. Тиймээс монголчуудаа солонгос хэлнээс айхгүйгээр сайн бэлдэж байгаад шалгалтаа сайн өгч илүү олуулаа боломжтой нөхцлөөр БНСУ руу явж ажиллах боломжийг ашиглаарай гэж хэлмээр санагддаг. Монголчууд хэлний авьяастай учир ганцхан сар л хичээчихэд шалгалтад тэнцэх бүрэн боломжтой.

 

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657174
0 эможи

keyboard_arrow_up