Х БОГД: Эрдэмт бурхны шашин 10 зүгтээ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Дээрхийн гэгээн, оройн дээд Очирдарь Богд Жавзандамба хутагтын аравдугаар дүр Данзанжамбалчойживанчиг Монгол угсаатны оюун санааны шинэ удирдагч, Х Богд ламтан Бурхан багшийн дүйчин өдөрт өөрийн зарлиг, захиас бичгээ хайрлан явуулжээ. Түүний зарлиг, захиасыг шинэ цаг үеийн шашны залуу лам уншиж сонордууллаа.
Зарлиг, захиаст: -Бурхан багшийн мэлмийд бишрэн мөргөе. Ийнхүү бэлэг дэмбэрэлд сайн өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд хуран чуулсан хутагт, хувилгаад, эрдэмтэн, лам хуврагууд, сүсэгтэн олон, гадаад дотоодын зочид төлөөлөгч та бүхэнд Бурхан багшийн их дүйчин өдрийн мэндийг хүргэе. Энэ өдөр хүн бүхэн жаргалын үндэс буянд шамдаж, зовлонгийн үндэс нүгэл хилэнцийг цээрлэн өнгөрөөхийг уриалж байна.
Мөн эл өдөр эх дэлхий, элгэн садан бүхнээ хайрлан даян дэлхий амар тайван байхыг өргөн залбираарай. Эх орон, элэг нэгт түмэн олон маань амар амгалантай, даян дэлхийд энх тайван цогцлож, цаашлаад хамаг амьтан амар амгалантай байх болтугай хэмээн залбирч байна. Эрдэмт бурхны шашин 10 зүгтээ дэлгэрэх болтугай. Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олондоо эрүүл энх, амар амгаланг хүсэн ерөөе.
Х Богд Жавзандамба хутагт Данзанжамбалчойживанчиг