“Хөгжлийн Банкны хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгоогүй“ “Хөгжлийн Банкны хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгоогүй“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Хөгжлийн Банкны хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгоогүй“

2024 оны 3 сарын 27

Arslan.mn

Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулах тул худал мэдээлэхгүй байхыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхаарууллаа. 

Тодруулбал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрүүдэд хянан хэлэлцэж шийдвэрээ танилцуулж, улмаар шийдвэрийн тоймыг товч бэлтгэн тус шүүхийн сайтад байршуулсан байна. 

Иймд энэ талаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дараах мэдээллийг өглөө. 

Давж заалдах шатны шүүхийн хувьд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон хэргийн оролцогч нарын гаргасан нийт 36 давж заалдах гомдлуудаар прокурор, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөгч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч зэрэг нийт 134 оролцогчийг оролцуулан хэргийг хянан хэлэлцсэн төдийгүй нийт 534 хавтаст хэргийн материалд авагдсан үйл баримтын хүрээнд талуудын гомдол, эсэргүүцэл, тайлбар зэрэгт хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрээ албан ёсоор хэвлэж, түгээхэд тодорхой хугацаа шаардагдах нь эргэлзээгүй асуудал билээ.

Тус шүүхээс, Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг албан ёсоор бичгээр гаргаж, нийт оролцогч нарт гардуулах, улмаар олон нийтэд нээлттэй байршуулах тул хүлээцтэй, судалгаа мэдээлэлтэйгээр асуудалд хандахыг, мөн худал ташаа мэдээлэл түгээхгүй байхад анхаарахыг сонирхогч иргэн, сэтгүүлч зэрэг олон нийтэд хандан мэдэгдэж байна.

Зарим худал ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулсан дараах мэдээллийг тодруулан хүргэж байна. Тухайлбал,

1. Анхан шатны шүүхээс цагаатгасан нийт 48 хүнээс шүүгдэгч Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Цоожсүрэн, А.Хүчитбаатар, Г.Гантогтох,Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Цэрэндаваа, Г.Санжмятав, М.Цэлмэг, Ц.Содхүү, Н.Батбаяр, Б.Цолмон, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнд холбогдох хэргийг цагаатгасныг хэвээр үлдээж,

харин шүүгдэгч Ц.Билгүүн, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, О.Хуягцогт, О.Баяр, Д.Даваасамбуу, Б.Баттөр, Ц.Ууганбаяр, Г.Галсанням нарт холбогдох 20 хүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, гэм буруугийн асуудлыг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж дахин хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн байх ба мөн шүүгдэгч Б.Баттөрт /21 дэх хүн/ холбогдох худал мэдээлэл өгөх гэмт хэрэг, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэд холбогдох нийт хэргээс зөвхөн хахууль авах гэмт хэргийг тусгаарлан прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Баттөр, Ж.Бат-Эрдэнэ нарт холбогдох тухайн хэргийн хувьд хахууль өгсөн гэх өөр гэмт хэрэгтэй нэгтгэж эсхүл хахууль өгсөн гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсний дараа шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн учраас тусгаарласан.

2. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон нийт 32 хүнээс 10 шүүгдэгчид холбогдох буюу шүүгдэгч Л.Аззаяа, Б.Шинэбаатар, Ц.Баярсайхан, Х.Баттулга, Т.Болдмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Я.Батцэцэг, Л.Ням-Очир нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээж, харин шүүгдэгч Н.Сүхболд /10/-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн,

харин бусад нийт 22 шүүгдэгч болох Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж /нийт 22/ нарыг гэм буруутайд тооцсоны хүчингүй болгож, тэдэнд холбогдох бүхий л хэргийг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дахин дүгнүүлж, зарим шүүгдэгч нарт холбогдох нийт хэргийг нэг мөр шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн, харин цагаатгасан шийдвэр огт гаргаагүй болно.

"Давж заалдах шатны шүүх нь аливаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх зэрэг эрх хэмжээг хэрэгжүүлдэггүй"

Үндэслэлийн талаар тодотгосон товч мэдээлэл:

Анхан шатны шүүхээс “Модун” ХХК-ний захирал Д.Батбаяр, “Комплант” ХХК-ийн захирал О.Баяр нарт холбогдох гэмт хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж Давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэнтэйгээр холбоотойгоор “Модун” ХХК, “Комплант” ХХК-иудад Хөгжлийн банкны хууль тогтоомжийг зөрчин их хэмжээний зээл олгож, давуу байдал олгосон гэмт хэрэгт хамтран оролцсон гэх шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Чойжилжалбуу, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан нарт холбогдох тухайн гэмт хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэл үүссэн учраас тухайн шүүгдэгч нарт холбогдох бүх гэмт хэрэг, тэдний гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Ё.Баатарбилэгийн хувьд: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд нарт холбогдох гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хийсвэрлэн таамаглах байдлаар цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх бөгөөд шүүгдэгч Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд нарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгасан нь Ё.Баатарбилэгт холбогдох хэргийн үйл баримт, нотолгооны стандарт, бусад асуудлыг шалгах, тогтооход зөрүү, зөрчил үүсгэжээ. Мөн анхан шатны шүүх, прокурорын хувьд хэрэгт авагдсан бүхий л үйл баримтыг шалгаагүй, хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үгүйсгэсэн, баталсан үндэслэлээ тодорхой заагаагүй, шийдвэрлэвэл зохих зарим асуудлыг орхигдуулсан гэж үзсэн учраас дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Э.Эрдэнэ, Ж.Ганхуяг нарын хувьд: Шүүгдэгч Э.Эрдэнийн гэмт хэрэг үйлдэх үедээ эрхэлж байсан албан тушаалыг зөв тодорхойлон дүгнээгүй, тухайн шүүгдэгч нараас хураасан гэх гадаад валютыг төгрөгт шилжүүлээгүй буюу тооцсон баримтгүй, ямар хувь хэмжээгээр хариуцахыг таамаглах, дахин тооцох боломжгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүйг зөвтгөх үндэслэлгүй гэж үзсэн.

Шүүгдэгч Н.Мөнхбатын хувьд: Анхан шатны шүүхээс Н.Мөнхбатад холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Нью яармаг хаусинг прожект” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх тул түүнд холбогдох бусад гэмт хэргийн гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Даажамбын хувьд: Анхан шатны шүүхээс “Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн зарим дарга, гишүүд”-д холбогдох хэргийг бүхэлд нь хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр, таамаглан байдлаар цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх тул түүнд холбогдох нийт гэмт хэрэг, гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Г.Байгалмаагийн хувьд: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Байгалмаад холбогдох “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар” зурсан буюу хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэлгүйгээр, таамаглан байдлаар цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх тул түүнд холбогдох нийт гэмт хэрэг, гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Г.Батдорж, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарын хувьд: Хөгжлийн банкны зээлийн хорооны болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд холбогдох бүх гэмт хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээр дурдсан байдлаар шийдвэрлэсэн учраас Хөгжлийн банкны зээлийн хорооны болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хатгаж болон бусад хэлбэрээр хамтран оролцсон гэх тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийг хүчингүй болгохгүйгээр хууль зүйн дүгнэлт хийх бодит үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3, 4, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм бурууг урьдчилан тогтоох, гэм буруутай эсэх талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх хуулийн заалтын хүрээнд шийдвэр гаргасан болно.

Иймд анхан шатны шүүхээс гэм буруутай тооцсон шүүгдэгч нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь тэдэнд холбогдох хэргийг цагаатгасан буюу хэрэгсэхгүй болгосон гэх үндэслэл, утга агуулга огт илэрхийлэхгүй бөгөөд Давж заалдах шатны шүүх нь аливаа хэргийг урьдчилан таамаглаж шийдвэрлэх, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, гэм буруутайд тооцоогүй этгээдийг шууд тооцох, эсхүл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх зэрэг эрх хэмжээг хэрэгжүүлдэггүй буюу тийм эрх хэмжээ эдлэхийг хууль, зарчмаар хориглосон болохыг тодотгон тэмдэглэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655691
0 эможи

keyboard_arrow_up